Кумамото мужид галт уул оргилж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-04-16 11:35:55

ТОКИО. /TASS/. Японы Кумамото мужид галт уул оргилж эхэлсэн байна.

Тус улсын Цаг уурын удирдах газраас мэдээлснээр, галт уулын идэвхжил сүүлийн хоёр өдөр болсон газар хөдлөлттэй ямар ч холбоогүй байна.

Кумамото мужид оршдог Асо галт уул 100 метрийн өндөрт үнс нурам цацжээ. Галт уул оргилсны улмаас бүс нутагт агаарын харилцаанд саатал гарсан эсэх тухай мэдээлээгүй байна.

Баасан гарагт болсон цуврал газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдаж, 800 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай Кумамото мужийн Цагдаагийн газар өмнө нь мэдээлжээ.

Тус мужийн гурван сууринд хөрсний гулгалт болж 11 хүн нурангинд даруулсан байна. Аврагчид энэ хүмүүсийг аврахын тулд чадах бүхнээ хийж байна гэж Галт түймэртэй тэмцэх газар мэдээллээ.

Японы телевизийн “NHK” суваг Кумамото мужийн янз бүрийн газруудаас тасралтгүй шууд нэвтрүүлэг дамжуулан тус улсын баруун өмнөд бүс нутагт  бараг 10 минут тутамд болж байна гэж хэлж болох газар хөдлөлтийн талаар шуурхай мэдээлэл өгч байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ