БНПУ-ын Сеймийн дэд маршал Монгол Улсад албан ёсоор айлчилна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-19 08:17:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш улс (БНПУ)-ын Сеймийн дэд маршал Малгожата Мариа Гошевска ирэх сарын 8-11-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког энэ сарын 18-нд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Элчин сайд Кшыштоф Бойко тус улсын Сеймийн дэд маршал Монгол Улсад албан ёсоор айлчлах болсныг онцолсон юм.


Хоёр орны хамтын ажиллагаа, хөнгөлөлттэй зээл тусламж, худалдаа арилжаа жил ирэх тусам идэвхжиж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 10-нд Монгол, БНПУ-ын Засгийн газрын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ баталсан юм. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь байх юм. Нийт 50 сая еврогийн энэхүү зээлээр зургаан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хоёр нь эхлээд буй юм.


Ирэх онд Монгол, БНПУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо.

Холбоотой мэдээ