Үзэсгэлэн худалдаагаар 41 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-18 21:35:56

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Ургамал суманд “Ургамалд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 80 гаруй иргэн бүтээлээрээ оролцжээ.

Тус үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрлэлийн төрөлд гар урлал, сур суран эдлэл, ширмэл ширдэг, загварын хувцас зэрэг 22 нэр төрлийн бүтээлүүд тавигджээ. Мөн хүнс үйлдвэрлэлийн төрөлд сүү цагаан идээ, суль, сульхирын гурил, талх нарийн боов, бялуу зэрэг 44 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаагаар 41 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Мөн үеэр “Идэрчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж 35-55 насны 270 гаруй иргэн оролцож эрүүл мэндийн цогц үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлж сумын ЗДТГ-аас төрийн бодлого чиглэл, сум орон нутгаа хөгжүүлэхэд иргэдийн оролцоог бий болгох чиглэлээр санал солилцжээ. Мөн иргэдийн дунд спорт, урлагийн уралдаан тэмцээнийг зохион байгуулсан. Манай сум дээрх төрлийн үзэсгэлэн худалдааг жилд хоёр удаа зохион байгуулдаг уламжлалтай. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар иргэдийн бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулах, малчдын гар дээрээс хямд чанартай сүү цагаан идээг худалдаж авах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих гээд олон талын ашигтай байдаг хэмээн сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Ташрамд дуулгахад, Ургамал сум жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжээд зогсохгүй сум хөгжүүлэх сангаас шинэ бизнес эрхлэх сонирхолтой залуучуудыг дэмжин ажилладаг ажээ. Түүнчлэн малчин эмэгтэйчүүдийн бүлгүүд айл саахалтаараа нийлж сүү цагаан идээ борлуулах, ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн хийхээс гадна гар урлалын бүтээлүүдийг хоршиж хийдэг байна. 

Холбоотой мэдээ