Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
n_sogoo@gmail.com
2019-11-18 16:41:24
@n_sogoo

 Төв аймаг Мөнгөнморьт сум. Хэрлэнгийн Зүүн хүрээ. Дундад зууны үеийн монголын түүх бичлэгийн томоохон бүтээл “Эрдэнийн эрх” сурвалжид Хэрлэн голын Зүүн хүрээ хэмээх хийдийн суурийг Энх Амгалан хааны тавьдугаар он буюу 1711 онд Өндөр Гэгээн Занабазар тавьсан гэж тодорхойлжээ. Харин Ч.Банзрагч, Б.Сайнхүү нарын “ Монголын хүрээ хийдийн түүх” /УБ.2004 / эмхэтгэлд анх Энх Амгалангийн дөчдүгээр он буюу 1701 оны төмөр туулай жил Эфү засаг Жүн ван Дондовдоржийн үед шашин хурлыг дэлгэрүүлэхээр Тогос Гүши уулын өвөрт Хэрлэн голын хойд хөвөөнд дуган сүмүүд байгуулж дээдийн түмэн өлзийг бататгахаар Жүд, Цанид, Ламиран, Мамба, Зурхай, Бадам ёго, Майдар зэрэг дуганыг байгуулан хурал номын сургуулийг үйлдүүлжээ хэмээн дурьдсан байна. Энэ хүрээний туурь одоо Багануур дүүргийн төвөөс зүүн хойш 28-30 км-т , Хэрлэн голын баруун эрэг, Тогос хайрхан уулын өвөр, Зүүн Байдлаг голын адагт оршиж байна. Хөгшин хүрээ бол үндсэндээ Дондовдорж эфүгийн хүү хоёрдугаар Богдын хүрээ байжээ. Энд Цогчин, Цанид, Жүд, Мамба, Зурхай, Дүйнхор зэрэг 10-аад дацан 6 аймагтай сүм дуган нилээд олонтой байжээ. “Арвин санваартаны хаалга” , “Мөргөлийн талбай”, “Шар сүм” хэмээх хутагтын орд зэрэг барилгатай байжээ. Бүх орд харш нь цагаанаар будсан хашаатай. Түүний эргэн тойрон аймгийн дуган болон гол төлөв улаан халз гарган чимсэн гэр хэлбэрийн сүм дуган бүхий хашаанууд байрлаж байв. Зүүн хүрээ нь бие биеэ хөндлөн огтолсон хоёр гудамжтай, зуувандуу дөрвөлжин талбай эзэлдэг байжээ. Хүрээнд 1000 гаруй лам шавилан суудаг байв. Оросын эрдэмтэн А.Позднеевын бичсэнийг үзвэл “Зүүн хүрээнд олны хөл бужигнасан зах зээл худалдаа арилжаа байгаагүй” гэжээ. Гэтэл доктор Д.Майдар ”1930-аад оны эхэн үед бол хятадын мухлагууд энд нилээд шаргуу наймаа хийж байсан юм” хэмээн тэмдэглэсэн байна. Уг хүрээ 1936 оны эхээр бүрэн хаагдаж 1938 оноос эхлэн сүм дугануудыг нурааж эхэлжээ. Түүхийн эх сурвалж баримтууд болон нийтийн ярианд Хэрлэнгийн Зүүн хүрээг Хэрлэнгийн хөгшин хүрээ, Хэрлэнгийн хүрээ, Хөгшин хүрээ, Зүүн хүрээ хэмээн бичиж тэмдэглэж нэршсээр иржээ.

Холбогдох эх сурвалж:  1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

                                        2. О.Пүрэв, Р.Оюунбилэг “Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүх” УБ. 2003

                                        3. Л.Хэнчяахав. “Төв аймаг бага толь” Уб.2003

Байршлын тайлбар :
Ойт хээр, тал хээрийн бүс хосолсон Багануур дүүргийн төвөөс зүүн хойш 28-30 км-т эртний тахилгатай Тогос хайрхан уулын зүүн өвөр бэлд уудам тавиу дэвсэг дэнжид Зүүн хүрээний туурь бий. Өмнөд талд 1 км газарт Хэрлэн гол бургасан шугуй даган урсах бөгөөд зүүн урд талд 2 км газарт багийн төвийн суурин байна. Тууриас баруун ба баруун хойно нутгийн айлуудын зуслангийн байшин дэнж даган цуварч байрлана.

GPS хаяг :

North 48° 00’  East 108°  29’

Сүм хэвээрээ үлдсэн :

Үгүй

Судалгаа явуулах үеийн байдал :

Тогос хайрханы бэл дэх энэхүү Өвгөн хүрээний туурь нь хоорондоо 20-30 метр зайд барагцаалбал хааш хаашаа 800 орчим метр талбайд тархан байрласан 14-16 байгууламжийн туурь мэдрэгдэх ба туурь нь суурийн чулуу газрын хөрснөөс дээш 10-15 см өргөгдсөн өндөр шороон далан зэргээр тодорхойлогдоно.

Сүм хийд байгуулагдсан он :

1711 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-1945 он - Ярилцлагын дугаар:

Тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Үгүй

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Нэр, цол хэргэм : Өндөр Гэгээн Занабазар - Ярилцлагын дугаар:

Хуучин хийдийн лам нар

1000 шахам лам

Тэмдэглэл: Нутгийн хүмүүс уг хүрээг "Зүүн хүрээ" буюу "Хөгшиний хүрээ" гэж нэрлэх ба ихэвчлэн "Зүүн хүрээ" гэж нэрлэж хэвшжээ. Б.Ринчен академич өөрийн судалгаандаа "Өвгөн хүрээ" гэж нэрлэсэн байна. Энэ байрлах газар нутаг нь Төв аймгийн Баян-Дэлгэр сумын нутгийн зүүн хойд захын талын хэсэг бөгөөд үндсэндээ уг тууриас хойш Мөнгөн морьт сумын нутаг дэвсгэр эхэлнэ. Хүрээний тууриас хойш 400-гаад метрт байх араараа модтой бэлээсээ оргил хүртэл гурван цуваа овоотой Тогос хайрхан хэмээх энэ уул эртний тахилгатай одоо ч орон нутгийн хүмүүс тахидаг уул ажээ. Туурийн байгууламжийн заримынх нь голд 1-1,5 метр гүн,1 метр радиус бүхий тойрогтой хожим бүр сүүлд ухсан ул мөр 4-5 байна. "Эрдэнийн эрхи" сурвалжид Энхамгалан хааны 50 дугаар он буюу 1711 онд Хэрлэн голын зүүн хүрээг Өндөр гэгээн Занабазар анх суурийг нь тавьсан гэж бичжээ. Түүхч О.Пүрэв, Р.Оюунбилэг нарын бичиж 2003 онд хэвлүүлсэн "Мөнгөн морьт сумын түүх" номонд... Уг хүрээ нь 2-р Богдын хүрээ байсан бөгөөд Цогчин, Цанид, Жүд, Мамба, Зурхай, Дүйнхорын зэрэг арваад дацан зургаан аймагтай "Ариун санваартны хаалга" "Мөргөлийн талбай" "Шар сүм" хэмээх хутагтын орд барилгатай байжээ. Бүх орд харш нь цагаанаар будсан хашаатай түүний эргэн тойрон аймгийн дугана болон их төлөв улаан халз гарган чимсэн гэр хэлбэрийн сүм дугана бүхий хашаанууд байрлаж байв. Хийдэд 1000 гаруй лам шавилан сууж байв..." хэмээн бичжээ. Мөн Оросын судлаач А.Позднеевийн бичсэнээр "...Зүүн хүрээ нь олны хөл бужигнасан зах зээл худалдаа арилжааны төв байжээ..." хэмээн бичсэн байна. 1934 оны 05 сарын түүхийн архивт хадгалагдаж буй нэгэн баримтанд /ҮТА.Ф№1 Данс №2, ХН №546/ Хэрлэнгийн хүрээ сүм дугана 24, жас 21, бүх лам 502,үүнээс мяндагтан лам 101, цэргийн татвар өгөх лам 209 ба хүүхэд 145 байна. Жасын том мал 302, жижиг мал 502, орлого 15,688 төгрөг зарлага 15,775 төгрөг байна гэж тэмдэглэжээ.