Нийслэлд 26 цэцэрлэг, сургуулийн халаалтыг шинэчлэн сольжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-11-18 14:18:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо (ОББҮХ)-ны санхүүжилтээр нэг сарын дотор 26 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг хэрэглээнээс гаргаж, цахилгаан болон хийн халаалтаар сольж шинэчлээд байна. Үүний үр дүнд 3.200 тонн нүүрс түлэхгүй, утаа гарахгүй болжээ.

Энэ талаар БОАЖЯ-наас зохион байгуулсан гэр хороолол дахь төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй сургууль, цэцэрлэгт нэвтрүүлж буй дулаан хангамжийн технологиудыг танилцуулах, туршлага судлах уулзалтын үеэр мэдээлсэн юм. Уулзалтаар халаалтын гурван технологийг танилцуулсан.

Эхний нь газрын гүний дулааны хосолмол шинэ технологи ашиглан 122-р сургуулийн дулаан хангамжийг шийдсэн “Зет энд Икс” ХХК-ийн захирал Ө.Мөнхбаатар технологийнхоо талаар танилцуулсан юм. Тэрээр, “Газрын гадаргаас доош 100-150 метрт нөхөн сэргээгдэх 0-5 градусын температуртай орчин байдаг. Монгол орны нөхцөлд босоо байдлаар гүн рүү өрөмдөж, хоолой байрлуулаад дулааны насос ашиглан халаагаад ашиглаж байна” гэв.

"Энэ технологиор өмнө нь Асем вилла хотхон болон зуслангийн бүс дэх айлууд халаалтаа шийдсэн, одоог хүртэл ашигласаар байгаа. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 7 жил тогтвортой ажиллаж буй тус компанийн зүгээс уг технологийг урт хугацаанд ашиглахад үр ашигтай" гэдгийг онцолж байв.

Дараагийн технологи нь хийн халаалт. Сургууль, цэцэрлэг, барилга байгууламжийн халаалтын техникийн нөхцөлд тохирсон хийн халаалтын бойлер суурилуулж буй талаар “Газ ком” ХХК-ийн захирал Д.Сэржбүдээ танилцууллаа. 3 дүүргийн 6 сургууль, цэцэрлэгийг хийн халаалтад шилжүүлээд байгаа тус компани төвийн дулаанд холбогдох боломжгүй ААН-үүд, 50 гаруй өрхөд хийн халаалтын систем суурилуулаад байна. Тус компани ISO14001 стандартыг мөрдөж, аюулгүй ажиллагаа тал дээр дэлхийд тэргүүлж буй Японы “Риннай” корпорацы

н технологийг нутагшуулж байна.


Түүнчлэн Европын орнууд, Америкт ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг хэрэглэж байгаа. Эдгээр тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны стандарттай бөгөөд хий алдах ч юм уу ямар нэгэн эрсдэл гарахад автоматаар зогсодог системтэй. Мөн мэдээллийг төв рүү дамжуулах газын хэрэглээг тоолуураар хэмжих гэх мэт бүхэлдээ ухаалаг систем юм” хэмээн танилцууллаа. Зардлын хувьд нам даралтын зуух ашиглаж байх үеийн нь буюу нүүрсний үнийн зардалд дүйцүүлсэн үнээр дулаан үйлдвэрлэж, сургууль цэцэрлэгийг халааж байна.

Үүний дараагаар цахилгаанаар халаах шийдлийг нэвтрүүлж буй талаар “Бест энержи сейвинг” ХХК-ийн зөвлөх Н.Даваа танилцууллаа. Тэрээр, “Жилд халаалтын зардалдаа 48 сая төгрөг зарцуулдаг байсан 38-р цэцэрлэг цахилгаан халаалт ашиглаж эхлээд 15 сая төгрөгийн зардалтай болсон. Цахилгаан өндөр үнэтэй байна гэж ярьдаг ч бодит байдал дээр өөр юм. Тогтмол дулааныг барьж чаддаг гэдгээрээ цахилгаан халаалт давуу талтай бөгөөд цэцэрлэг, сургуульд тохиромжтой” гэлээ.


Уулзалтаар мөн “Мог пластик” ХХК боловсруулах боломжтой хог хаягдлыг худалдан авч боловсруулж буй талаар, мөн “Инахис” ХХК хаягдал дугуй цуглуулан дахиан боловсруулах талаар тус тус танилцуулсан юм. Уулзалтад БОАЖЯ, БХБЯ болон шинэ технологийг танилцуулж буй компани, байгууллагын төлөөлөл оролцож, ААН-үүдийн зүгээс төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнтэй болж байгааг онцолж байв.

Холбоотой мэдээ