Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, ирэх оны төсвийг батлав

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-16 18:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 14-ний нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлав.


Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх үндсэн дөрвөн зорилготой уг төслийг УИХ-ын нэр бүхий 62 гишүүн энэ оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн. Төслийг УИХ 158 хоногийн турш хэлэлцэж баталсан юм. Ингэхдээ, улсын хэмжээнд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж Ерөнхийлөгч, иргэд, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг хүлээн авч хэлэлцэн төсөлд тусгасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээлж байв.


Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд үүнээс 19 зүйл 36 заалтад өөрчлөлт орсон. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн заалтын ялгаа, түүний ач холбогдлыг дараах холбоос дээр дарж дэлгэрэнгүй харна уу.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийн;


Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотойнэмэлт, өөрчлөлт


Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт 


Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангатайхолбоотой нэмэлт, өөрчлөлт 


Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт 


ЕСБХБ Монгол Улсад 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгожээ



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны ерөнхийлөгч Сэр Сума Чакрабартиг энэ сарын 14-нд хүлээн авч уулзлаа.


Тус банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгож, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд, 2024 он хүртэл Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичиг боловсруулах, тэргүүлэх хамтын ажиллагааны салбарыг тодорхойлох асуудлаар санал солилцлоо.


Ноён Чакрабарти Монгол Улстай хамтран ажиллах явцдаа жилд 1-2 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жилийн санхүүжилтэд 200-250 сая евро зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж, үүнийг хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ буюу автозам, эрчим хүч, нийтийн тээврийн хөгжил, цэвэр, бохир усны системийг хөгжүүлэхэд түлхүү зарцуулах төлөвтэй байгаа гэсэн юм. Мөн сүүлийн үед Монгол Улсад өрнөж буй автозам, төмөр замын бүтээн байгуулалт нь банкны зорилго, зорилттой нийцэж байгааг дурдаад хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЕСБХБ-ны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, ноён Чакрабартид ажлын амжилт хүслээ.


Ирэх оны төсвийн орлогыг 11.8 их наяд төгрөг байхаар батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг батлав.


Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсан. Ирэх онд Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, төсвийн сахилга батыг сахиж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. (Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг энд дарж үзнэ үү) 

Төсвийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь дэмжиж, батлав.


Монгол Улсын хүн ам 2030 онд дөрвөн саяд хүрэх төлөв гарчээ



Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар ХНХ-ын сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсов.


Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор, манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван саяд хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой нэмэгдэж байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсөж, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030 онд 12.9 хувь, 2045 онд 16.3 хувь болж одоогийнхоос хоёр дахин олширно. Иймээс хүн амын өсөлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ. Төсөөлөлд тусгаснаас үзвэл нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой болгож, зорилтот бүлэгт шилжүүлнэ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэх юм. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлнэ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Цалингийн бодит өсөлтийг хангахуйц хэмжээгээр үе шаттай нэмэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын салбар дундын дадлагын бааз, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв, мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв, хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын үйлчилгээний цогцолбор байгуулахаар тусгасан байна.



Холбоотой мэдээ