Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-15 15:30:12

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын эрх баригчид Кымган уулын аялал жуулчлалын бүс дэх БНСУ-ын объектуудыг буулгахыг шаардсан бичгийг тус улсад хүргүүллээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


“Хэрэв Өмнөд Солонгосын эрх баригчид барилга байгууламжуудаа буулгахаас татгалзаж, зөрүүдэлсээр байх аваас бид энэ асуудлыг тус улс шийдэхгүй гэж үзэн, барилга байгууламжуудыг татан буулгах ажлыг дангаар хийнэ гэдгийг мэдэгдсэн сүүлчийн шаардах бичгийг 11 дүгээр сарын 11-нд хүргүүллээ” гэж KCNA агентлагийн мэдээнд дурдсан байна. БНСУ сүүлийн 10 жил Кымган уулын бүсэд санаа тавиагүй бөгөөд барилга байгууламжуудыг буулгах асуудлыг хөндөж эхэлмэгц бүсийг хөгжүүлэх саналыг хэт оройтож тавьсан гэж БНАСАУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.


Кымган уулын аялал жуулчлалын бүсийг БНСУ-тай хамтран хөгжүүлэх төслөөс татгалзаж, бие даан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаагаа БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун өнгөрсөн сард тус бүсэд очих үеэрээ мэдэгдсэн юм. Тэрбээр аялал жуулчлалын бүсэд барьж өгсөн БНСУ-ын “үзэмж муутай барилгуудыг” тус улсын зохих байгууллагуудтай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр татан буулгахыг үүрэг болгосон байна. Үүний дараа Умард Солонгос хамтарсан төслийн асуудлыг бичгээр хэлэлцэх саналыг Өмнөд Солонгост тавьжээ. Харин Сөүл энэ асуудлыг Өмнөд Солонгосын Засгийн газар болон бизнес эрхлэгчдийн төлөөллиийг оролцуулан хэлэлцээ замаар шийдэхийг санал болгосон байна.


БНСУ, БНАСАУ-ын аялал жуулчлалын хамтарсан төслийг хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны бэлгэдэл болгон 1998 онд эхлүүлжээ. Өмнөд Солонгосын компаниуд зочид буудал, аялал жуулчлалын дэд бүтцийг байгуулахад 680 орчим сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. 2008 онд БНАСАУ-ын цэргийн албан хаагч нэгэн жуулчин эмэгтэйг буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа БНСУ-ын эрх баригчид Кымган уулын аяллын хөтөлбөрийг зогсоожээ.


Холбоотой мэдээ