Л.Дандар баатрын тухай анхны кино дэлгэцэнд гарлаа

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-15 14:36:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" уран сайхны киноны нээлт өчигдөр "Тусгаар тогтнол"-ын  ордонд боллоо. Киноны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.


Тэрбээр, "Манай Засгийн газар соён гэгээрүүлэх ажилд анхаарлаа хандуулж байгаагийн нэг нь хүүхэд залуусыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэхэд тус болох Монголын гарамгай баатар Л.Дандарын тухай энэ киног санхүүжүүлж дэмжсэн юм. Уран бүтээлчдийг дэмжинэ, сайн кино бүтээл хийхэд нь тусална гэж би киноны уран бүтээлчидтэй өмнө уулзахдаа хэлсэн. Энэ үгээ дахин хэлье. Кино бол бүх урлагийн дотроос хамгийн чухал нь гэж хэлсэн байдаг. Бид уул уурхайгаа ашиглаж, эзэмшиж байгаа шигээ урлаг соёлоо ашиглаж, улс орноо хөгжүүлэх хөшүүрэг болгох хэрэгтэй. Тиймээс бид урлаг соёлын ордон, хүрээлэнтэй болж, киногоор дамжуулан хөгжлийнхөө тухай ярьж, соён гэгээрүүлэх ажлаа хөгжүүлэх учиртай. "Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин халуун амрагтаа хэлж үзээгүй үгээ

Чиний төлөө үхье гэж Эх орондоо би хэлдэг" гэсэн яруу найрагчийн үг шиг эх орныхоо төлөө залуу нас, халуун амиа өргөсөн баатарлаг ахмад үеийнхээ үлгэр дуурайллыг бид Л.Дандар баатраас авах ёстой. Тиймээс  би Л.Дандар баатрын киног дэмжиж ажилласан. Киноны уран бүтээлчдэд баяр хүргэе" гэлээ.


"Бууны сумыг буцааж болдоггүй" кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, МУУГЗ Т.Солонго продюсерээр ажиллан МУСТА П.Дэлгэрбаяр найруулсан байна. Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээжээ. Тэрбээр "Би анх удаа л кинонд тоглож байна. Энэ дүрд тоглох итгэл хүлээлгэсэн, кинонд тоглоход бүх талаар тусалж дэмжсэн найруулагч, ахмад жүжигчид, хамтран  ажилласан бүх хүнд талархаснаа илэрхийлье.  Надад бүх юм шинэ байлаа. Кино шинэ, гол дүр шинэ. Бас би хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа шинэ аав" гэв.


Энэ кинонд МУАЖ П.Цэрэндагва, Г.Равдан, МУГЖ Б.Цог, Л.Гүрсэд, Н.Батцэцэг, Б.Сүхбаатар нарын ахмадууд төдийгүй  залуу жүжигчид ч тоглосон байна. Мөн киноны нээлтийн үеэр Л.Дандарын зээ охин Д.Сүндэрьяаг МАН-д элсүүлж, намын даргын хувиар Ерөнхий сайд У.Хүрэлсүх үнэмлэхийг гардуулж баяр хүргэхдээ "Л.Дандар баатар бол манай намын олон баатрын нэг. Түүний үр хүүхэд намд элсэж байгаа нь баяртай үйл хэрэг" гэлээ.

Ийнхүү Монгол Улсын баатар Л.Дандарын тухай анхны уран сайхны кино дэлгэцэнд гарлаа. 




 

Холбоотой мэдээ