Үндэсний чанарын шагнал Засгийн газрын нэрэмжит болж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-14 12:55:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан СХЗГ болон МҮХАҮТ хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг "Чанар-амжилтын түлхүүр" уриан дор, Монгол Улсын Шадар сайдын ивээл дор өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулж байна.

Чуулганыг СХЗГ-ын дарга Б.Билгүүн нээсэн юм. Тэрээр дэлхий нийт бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт, чанарт ганц өдөр ханддаггүй, энэ нь бүх нийтийн анхаарлын төвд үргэлж байх ёстой юм гэдгийг онцолж, манай улс энэ өдрийг 17 жилийн өмнөөс тэмдэглэж ирснийг хэллээ. Энэ дотроо сүүлийн 5 жилд үндэсний чанарын шагнал гардуулах ёслолыг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-тай хамтран хийж ирлээ.

Чанараараа бусдаас тэргүүлж, түүчээлж явдаг ААН-үүдийг шалгаруулдаг уламжлалтай болсныг дурдлаа. Энэхүү шагнал нь чанар стандартыг илүү өндөр түвшинд хүргэхэд нь ААН, бизнес эрхлэгчдэд урам өгөх, стандартыг олон нийтэд таниулж, чанарыг олон нийтэд дадал болгох зорилготойг онцоллоо.


Тэрээр Үндэсний чанарын шагнал энэ жилээс Засгийн газрын нэрэмжит шагнал болж байгааг онцлон хэлж, энэ нь төр, засгаас чанар стандартыг анхааралдаа авч ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Засгийн газраас Үндэсний чанарын хөтөлбөрийг  баталж, үндэсний бүтээн байгуулалтыг хийж буй ААН, баялаг бүтээгчдээ үнэлдэг болсон гэв. Үндэсний чанарын хөтөлбөр Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд шууд очиж, хэрэгжиж эхэлж буйг дуулгаллаа.

СХЗГ-ын дарга Б.Билгүүн хэлсэн үгэндээ чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоо, хүнсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зэрэг олон улсын менежментийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага, ААН-ийн тоо жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байгааг хэлж, өнөөдрийн байдлаар Стандарт, хэмжил зүйн газраас 150 орчим  ААН байгууллагад менежментийн тогтолцоо нэвтрүүлснийг баталгаажуулж, гэрчилгээ олгоод байгааг мэдээллээ.


Чуулганы нээлтэд МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн хэлсэн үгэндээ, “Үндэсний чанарын чуулган” нь үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарын дэд бүтцийг хөгжүүлэх замаар экспортод гаргахад дэмжих бас нэг зорилготойг онцолсон юм. Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас ЖДҮ эрхлэгчдийн нэмүү өртгийн сүлжээн дэх оролцоог дэмжих, олон улсын стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор 2 төслийг хэрэгжүүлж буйг мөн дуулгалаа.

Үүний нэг нь Европын холбооноос санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Монголын худалдааг дэмжих төсөл”-ийн хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн нэмүү өртөг шингэсэн, уул уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлий нэмэгдүүлэх чиглэлээр Монголын гоо сайхан болон тэмээний ноос, сарлагийн хөөвөр, чацаргана, арьс ширний кластерыг бүрдүүлж, уг төслийн үр дүнд “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ албан ёсоор байгуулагдаад буйг таатай мэдээг дуулгав.


Чуулганд Орхон аймгаас ирж оролцож буй тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар “ISO9001 ба хиймэл оюун ухаанд суурилсан цахим засаглал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхдээ, “Бид байгууллага, ААН-дээ чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь цаасаар хэмжигдэхгүй үнэ цэнэтэй юм” гэдгийг хэлж байлаа.

Тэрээр, Чанарын удирдлагын тогтолцоог бий болгоход маш их цаас хэвлэгдэж, хэнд ч хэрэггүй мэтээр ярьдаг ч цаасны зардлаас илүүтэйгээр байгууллагын ажилтан нэг бүр байгууллагынхаа эрхэм зорилго, алсын харааг мэддэг болж, байгууллагынхаа бүхий л хэсэг болох бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны зорилтыг ойлгож авахад чухал ач холбогдолтой. Нэг ёсондоо зөвхөн өмнөх ажлаа хийгээд явах биш харьяалагдаж буй газартаа уусахад, итгэл үнэмшлээ нэгтгэхэд түлхэц болдог үнэ цэнэтэй зүйл юм” гэж байлаа.


"Монгол базальт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболд “Үндэсний үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлж экспортыг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр, “Та байгууллагынхаа алсын хараанд итгэлтэй байсан ч, юу ажиллаж, юу ажиллахгүй байна гэдгээ сайн харж чаддаг байх хэрэгтэй. Хэрэв одоо байгаа арга аргачлалаар байгууллагынхаа үнэ цэнийг тодорхойлж, ингэж ажиллаж ирсэн, ажиллаад болоод л байна гэсэн сэтгэлзүйтэй байвал та инновацийн өрсөлдөөнөөс өөрийгөө хасагдсанд тооцох хэрэгтэй” гэдгийг онцлон хэлж байлаа.

Тэрээр, “Компани, ААН-д инновацийг нэвтрүүлэх стратеги хэрэгтэй. Компанийн өрсөлдөх чадварыг эрс нэмэгдүүлснээр хамгийн инновацилаг компани жилийн орлогоо 38 хувиар өсгөх ч боломжтой. Инновацийг нэвтрүүлэх амаргүй ч, нэвтрүүлсэн компаниудын үр ашиг хэмжээлшгүй их байна” гэж байлаа.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ