“Сайн туршлага” төсөл Хэнтий аймгийн ӨЭМТ-дэд хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-14 15:01:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх (ОНОХ) төслийг Хэнтий аймагт өнгөрөгч тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний гурван талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоотой  хяналтын механизмыг туршин, үр дүнтэй хэрэгжүүлсэн аргачлалыг өргөжүүлэх, эцэслэн загварчлахад чиглэн ажиллаж байгаа юм. Уг төсөлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Оюуны шим”, “Хэрлэн дом”, “Ач манал”, Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” гэсэн аймгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй бүх өрхийн эрүүл мэндийн төв хамрагдаж байна. 

Энэ төсөл нь 2017 онд ОНОХ төслийн хүрээнд аймгийн төвийн “Хэрлэн дом”, “Оюуны шим” гэсэн хоёр ӨЭМТ-ийг сонгон авч өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гурван талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоотой хяналтын механизм бий болгох эхлэл загварыг амжилттай туршсан төслийн үргэлжлэл юм. 

ӨЭМТ-ийн гурван талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоот хяналтыг нэвтрүүлснээр иргэдийн хувьд авч буй үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг хянах,  үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэхэд шууд оролцох боломж нээгдэх бол орон нутгийн удирдлагын хувьд иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн суурь үйлчилгээг чанартай болгох, иргэдийн оролцоог баталгаажуулах нөхцөл бүрдэх аж.

Төслийн хүрээнд баг томилогдож, дээрх гурван өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлж, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах зорилготой судалгааг хийжээ. Сэтгэл ханамжийн судалгаа хийхийн өмнө орон нутгийн иргэдийн дунд судалгаа хийх багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан аж.

Иргэд, ИНБ-ын төлөөлөл бүхий 33 хүн санал асуулга болон ярилцлагын арга ашиглан 15 хоногийн хугацаанд Хэрлэн, Бор-Өндөр сумын нийт 985 иргэнийг хамруулсан судалгааг хийсэн бөгөөд тэдний 82.4 хувь нь эрүүл мэндийн асуудал тулгарахад өрхийн эмнэлэгт ханддаг зөв дадалтай байв. Мөн ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нийт 27 эмч, сувилагч, ажилтан нар судалгаанд оролцож, ӨЭМТ-ийн гадаад, дотоод орчин болон тусламж үйлчилгээний чанарыг үнэлсэн байна.  

Жишээ нь, судалгаанд хамрагдсан нийт өрхийн 66 хувь нь ӨЭМТ-өөр тогтмол үйлчлүүлдэг хүнтэй, нийт оролцогчдын 16.6 хувь нь ӨЭМТ-ийн хашаанд, 17.1 хувь нь машины зогсоолд, 16.3 хувь нь орчны хог хаягдалд, 15.9 нь зүлэгжүүлэлтэд, 14.9 хувь нь гадаа суух сандалд “дунд зэрэг” гэсэн үнэлгээ өгсөн байна. Мөн нийт оролцогчдын 15.4-17.1 хувь нь явган хүний зам, гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам гэсэн үзүүлэлт дээр “сэтгэл ханамжгүй” гэж хариулжээ.

Судалгааны дүнд ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ӨЭМТ-ийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, гадаад, дотоод орчныг сайжруулах гэсэн гурван чиглэлийн хүрээнд ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний шинэчлэлийн стратеги, дүрэмд тусгасан заалтуудыг хэрэгжүүлэх, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, иргэдтэй хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулан сургалт, сурталчилгаа хийх зэрэг тодорхой санал, зөвлөмжийг гаргасан байна.

Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газар ӨЭМТ-ийг хариуцсан ажилтныхаа ажлын байрны тодорхойлолтод ӨЭМТ-ийн үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг “төслийн хугацаанд улиралд нэг удаа хянаж үнэлэх” нэмэлт заалтыг тусгасан нь үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих боломжийг бий болгож өгчээ.


Холбоотой мэдээ