“Бизнесээ эхэл” сургалтад 300 гаруй хүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-13 15:39:22

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийг аж ахуй эрхлэлт, хөдөлмөрт бэлтгэх “Бизнесээ эхэл” сэдэвт сургалт болж байна.

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийг өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр аж ахуй эрхлэлт, хөдөлмөрт бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулдаг.

Энэ уламжлалын дагуу Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Дарь-Овооны эзэд” ТББ хамтран “Бизнесээ эхэл” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 13-15-нд зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтад Ховд аймгийн хувиараа хөдөлмөр эрхлэгч, зээл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл бичсэн, төсөл нь шалгарсан иргэд болон цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцож буйгаараа онцлогтой.

Энэ удаагийн сургалтаар дамжуулан оролцогчид бизнес хийхэд анхаарах асуудал, маркетинг, ажил хэрэгч байдал, ажиллах хүч, санхүүгийн төлөвлөлтийн чиглэлээр шинэ мэдлэг эзэмшинэ. Мөн хувиараа бизнес эрхлэх ур чадвараа хөгжүүлэх давуу талтай болохыг зохион байгуулагчид хэллээ. 

Холбоотой мэдээ