Ирэх оны төсвийг бодитой боловсруулах чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-10 19:50:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн энэ оны эхний гурван улирлын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд ирэх оны төсвийн төслийг бодитой боловсруулах чиглэл өглөө.

          Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн ус ашигласны орлого буурах, орон нутгийн төсөв болон байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж эхэлсэн томоохон төслийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх зэрэг асуудал ирэх жилийн төсөвт дарамт үзүүлж магадгүй байгааг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид анхааруулсан юм. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт “Төсөв баталдаг хуралдаан болоход төсөвтэй холбоотой бус эрх ашгийн үүднээс ханддаг тал байна. Хэтэрхий үрэлгэн зарлага бүх шатанд бий болжээ. Бодит бус, техник эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг холбогдох журам заавар зөрчиж, лобби маягаар асуудал шийдэж оруулдаг. Урсгал зардлын хувьд ч иймэрхүү хандлага байна” гэсэн юм.

- Төсвийг бодлого баримталж хийх хэрэгтэй. Бодлого алдагдсанаас нэг суманд хөрөнгө оруулалтыг хэт их тавьдаг. Байгаль хамгаалах сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг байдал газар авлаа. Төсөв замбараагүй болчихоод байна гэж аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат хэллээ. Өнгөрсөн онд аймгийн 2019 оны төсвийн зарим нэгэн төсөл арга хэмжээг зураг төсөвгүй баталсан байна. Аймгийн орон нутгийн өмчийн газрын мэдээлснээр зураг төсөв, техникийн даалгавар ирээгүй 18 төсөл арга хэмжээг эхний улиралд худалдан авах арга хэмжээг зохион байгуулж чадаагүй хугацаа алдаж байжээ.

Холбоотой мэдээ