Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”-ийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-11-09 17:23:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74-р чуулганы 3-р хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолын төслийг нийтийн зөвшилцлөөр батлаад байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.

Тогтоолын төсөлд Тогтвортой хөгжилд хүрэх, нийгмийн бүх бүлгийн, тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, санхүүгийн хэрэгслийг хүртээмжтэй болгох, нийгмийн шударга ёсыг тогтоох, улмаар энхийг цогцлоох үйлсэд хоршооллын гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн юм.

Хоршооллууд нь цомхон, уян хатан бүтэц зохион байгуулалттай, дэлхий даяар 100 сая гаруй хүнд үйлчилгээгээ хүргэх боломжтой учраас хөгжингүй, хөгжиж буй аль ч улсуудад урт хугацаанд тогтвортой оршин тогтнох давуу талтай юм. Нийгмийн хөгжилд хоршооллын оролцоо тогтоолын төсөлд НҮБ-ын гишүүн 90 орон хамтран зохиогчоор нэгдлээ.

Холбоотой мэдээ