Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-08 16:10:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсан. Ирэх онд Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, төсвийн сахилга батыг сахиж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. (Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг энд дарж үзнэ үү)


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалаа. Улмаар ирэх оны төсвийн төслийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Чуулганаар ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнд Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай зэрэг 14 хууль, тогтоолын төсөл багтжаж буй юм.

Холбоотой мэдээ