Буриад зураачдын 50 гаруй бүтээл дэлгэгдлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-08 14:33:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буриадын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийн 50 гаруй бүтээлээс бүрдсэн “Азийн нүүдэлчид” үзэсгэлэн Монгол Арт галерейд өчигдөр нээлтээ хийлээ. 

Тус галерейн урилгаар ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич, ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач Шонхоров Чингиз Бадмаевич, Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ын Төрийн шагналт Базаров Баясхалан Цыпылов нар  манай улсад анх удаа үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ сарын 20  хүртэл дэлгэх тус үзэсгэлэнд нүүдэлчдийн ахуй амьдрал, говь тал нутгийн өгүүлэмжтэй зургууд, Хүннүгийн амьтдын дүрс бүхий хүрэл баримлууд зонхилж байна.

Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ын Төрийн шагналт Базаров Баясхалан Цыпылов "Өөрийнхөө бүтээлээр дамжуулан нүүдэлчдийн өв соёл, аж байдал, зан заншлыг илэрхийлэхийг зорьдог.  “Монгол адуучин” хэмээх уран баримлаа залуу насаа дурсаж бүтээсэн. Монгол Улсад дахин ирж өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй" гэлээ.

ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач Шонхоров Чингиз Бадмаевич "Зурагтаа түүх, соёл, зан заншлаа илэрхийлдэг. Нүүдэлчид тэнгэр, нар, сар, уул, галыг шүтдэг зан зашлаараа адилхан. Түүхэн сэдэвтэй, домгийн шинжтэй зургуудаас гадна үзэгчид өөр өөрсдийнхөөрөө ойлгож хараасай гэх бодлоор бүтээсэн зургууд ч байна" гэв.


Болсобоев Евгений Анатольевич "Би график дизайнерт их дуртай. Тиймээс өөрийн бүтээлүүдийг хулдаасан барын зурагт үндэсний уламжлалыг орчин үеийн график дизайнтай хослуулдаг. Бөө мөргөлийн шашин социализмын үед хаалттай байх үед эрдэмтдийн гаргаж байсан ном, бүтээлүүдийг судалж, сонирхдог байсан. Энэ сэдвээр хийсэн цөөнгүй бүтээлээ энд авчирсан" гэв.

Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн МУЭ-ийн тэргүүн, МУУГЗ зураач П.Цэгмэдийн сэтгэгдлийг сонсвол "Монгол арт галерей бол монгол туургатан уран бүтээлчдийнхээ үзэсгэлэнг цувралаар гаргахаар зорьж байгаа. Эхлэл нь уг үзэсгэлэн юм. Буриад уран бүтээлчдийн бүтээлүүдийг харж байхад үндэсний өвөрмөц соёл, уламжлалт зан заншил, байгаль, хүн ардынхаа амьдралыг илүүтэй харуулсан байна" гэлээ.


Холбоотой мэдээ