Майкл Блумберг сонгуулийн сунгаанд өрсөлдөж магадгүй

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-08 11:03:40

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Майкл Блумберг АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаад өрсөлдөж магадгүй байна.


Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр Алабама мужид нэр дэвшигчдийг бүртгэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэн өгөх бодолтой байгаа бөгөөд бүртгэлийн хугацаа баасан гарагт дуусах аж.

 

Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох эсэх талаараа нухацтай эргэцүүлсний эцэст оролцохгүй байхаар шийдсэн тухайгаа Блумберг өнгөрсөн 3 дугаар сард мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч одоо тэрбээр энэ боломжийг дахин эргэцүүлж байгаа аж. АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жозеф Байдены хувьд Нью-Йорк хотын дарга байсан Блумберг хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болж магадгүйг “The New York Times” сонин цохон тэмдэглэжээ.


Өдгөө 77 настай Блүүмберг 2002-2013 онд Нью-Йорк хотын даргын албыг хашиж байсан билээ. Тэрбээр мөн "Bloomberg" агентлагийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай бөгөөд АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог. “Forbes” сэтгүүлээс хамгийн сүүлд гаргасан үнэлгээгээр түүний хөрөнгө 52 тэрбум ам.доллар давжээ.

 

Холбоотой мэдээ