Монголын анхны галт тэргийг “Ган зам” дуутай угтаж байв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-11-07 14:31:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анхны галт тэрэг ирсний 70 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1949 оны энэ өдөр хойд хөршийн хилийн Наушки өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд Монгол Улсын анхны галт тэрэг хөдөлж, нийслэл хотноо ирж байв. Монголчууд анхны галт тэргээ “Ган зам” дуутай хамт угтан авч байжээ. Тиймээс Монголын төмөр замчид энэ өдөр мөн “Ган зам” дуу анхлан эгшиглэсний өдрийг давхар тэмдэглэж байна.


1948 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байгуулах хэлэлцээрийн анхны төсөл бэлэн болсон байв. Удаалаад БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд 1949 оны 6-р сарын 6-ны өдөр хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, нийгэмлэгийг зохион байгуулагчид нь Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Зам харилцааны яам, Монголын талаас БНМАУ-ын Тээврийн яам гэж тогтсон байна. Тэр үеэс хойш төмөр замын бүтээн байгуулалтын нөр их ажил өрнөснийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ ХНН-ийн дарга асан Р.Раш өнөөдөр дурсаж байна.


Тэрээр, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нарын зохиосон “Ган зам” дууг анхны галт тэргийг хүлээн авах ёслол дээр Ардын жүжигчин Л.Цогцолмаа дуулж байсан юм. Харин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав анх симфони найрал хөгжимтэй дуулж пянзанд бичүүлж байсан. “Ган зам” дуунд зориулсан хөшөөний чулууг Дорноговь аймгаас ачуулж авчирч байсан”-ыг дурсаж байна. Мөн “Ган зам” дууны аяыг тухайн үед БНМАУ-ын Төрийн дуулалд нэр дэвшүүлж, бүр Төрийн шагнал өгөх гэж байсан сонин түүхийг ярив. Мөн уг дууг 1951 онд шинэчилж байсан түүхийн мэдээ байна. 




“Ган зам” дууны аяыг тухайн үед БНМАУ-ын Төрийн дуулалд нэр дэвшүүлж, бүр Төрийн шагнал өгөх гэж байсан сонин түүхтэй юм байна


УБТЗ ХХН-ийн Удирдах газрын өмнөх цэцэрлэгт босгосон “Ган зам” дууны хөшөөнд энэ өдөр төмөр замчид хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөсөн юм. Ёслолыг УБТЗ ХНН-ийн Удирдлага хариуцсан замын орлогч Ж.Батболд нээж хэлэхдээ, “Ган зам” дуу бол Монголын төмөр замын байгууллагын анхны уран бүтээл, төмөр замчдын сүлд дуу юм” гэдгийг онцолж энэ өдрийг зохион байгуулан тэмдэглэж буй УБТЗ-ын уран бүтээлийн нэгдэл, бусад ТББ-ын удирдлагад талархсанаа илэрхийлсэн юм.




Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ