Төрийн албан хаагчдын хүүхдийн төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-07 11:19:38

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн 0-18 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх /төрийн албан хаагч/-д хүүхдийн төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох шийдвэр 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байна.

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн Ховд аймгийн нэгдсэн зөвлөгөөн”-ий зөвлөмжийн 3.6-д “Төрийн албан хаагчид гэр бүлдээ гаргах чөлөөт цагийг зохицуулах, хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох” гэж заасан байдаг. 

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А|661 дүгээр захирамж гарч, бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг дэмжих, тэдний хүүхэд, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх, гэр бүлд ээлтэй орчин бий болгох зорилгоор энэ оны 11 дүгээр сараас эхлэн 0-18 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар тухайн байгууллагын онцлог, хөдөлмөрийн дотоод журамд үндэслэн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилтын дагуу хүүхдийн төрсөн өдрийн судалгаа авч, дээрх шийдвэрийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон. Мөн аж ахуйн нэгжийн удирдлага, захирал нарт уриалга хүргэсэн байна.

Аймгийн ГБХЗХГ-аас тус санаачилга, шийдвэрийг дэмжиж, хүүхдийн төрсөн өдрөөр ажилтнууддаа цалинтай чөлөө олгохоор болсон гэж мэдээллээ. 

Холбоотой мэдээ