Нийтийн эзэмшлийн талбайг нэг хүн эзэгнэх ёсгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр баггийн нутаг дахь орон сууцны долдугаар байрны өмнөх нийтийн эзэмшлийн талбайд тус сумын иргэн Ж.Цогтжаргал арав гаруй жилийн өмнөөс мөсөн гулгуур зөвшөөрөлгүй ажилуулж иржээ.
Түүний энэ үйлдлийг тус байрны оршин суугчид эсэргүүцэж нийтийн эзэмшлийн газарт хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх талбай, хөгшдийн нарлах сандал сүүдрэвч барьж байгуулах санал хүсэлтэй байгаагаа багийн иргэдийн нийтийн хурлаараа дамжуулж Дархан сумын Засаг даргад асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг өнгөрсөн онд тавьж байсан юм. Иргэдийн гомдлын мөрөөр сумын удирдлага тухайн онд тус долдугаар байрны оршин суугчидтай уулзсан байдаг. Улмаар мөсөн гулгуурыг ажиллуулдаг иргэн Ж.Цогтжаргалд хандаж оршин суугчдын гомдол хүсэлтийг амаар болон бичгээр албан ёсоор уламжлан гурван тал уулзаж ярилцсаны үр дүнд мөсөн гулгуурын талбайг энэ оны гуравдугаар сарын 30-нд чөлөөлж өгөх тохиролцоонд хүрчээ.
Хэдийгээр холбогдох байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан ч өвлийн спортыг дэмжих үүднээс түүний саналыг харгалзан сумын Засаг дарга тухайн үед мөсөн гулгуурын үйлчилгээг нь өвлийн сарыг өнгөртөл ажиллуулахыг зөвшөөрсөн. Харин хавар цас ханзрахтай зэрэгцээд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж иргэдэд нь хүлээлгэж өгөхөөр тохиролцсон иргэн Ж.Цогтжаргал уг талбайг одоо хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа аж. Уг байрын оршин суугчдад хууль журмынхаа дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайгаа хэрхэн ашиглах эрх бий. Тэд эрхийнхээ дагуу асуудлыг тавьж нийтийн өмчийг нэг хүн хувийн ашиг орлогын төлөө эзэмшиж байгааг буруутгасан юм. Тиймээс байрны оршин суугчид харъяа багаараа дамжуулж өөрсдийн гомдлоо дахин гаргажээ. Багийн захиргаанаас ч, аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас ч тухайн асуудлыг шийдвэрлэж газрыг чөлөөлөхөөр албан тоот гаргасан байгаа гэлээ.
Зөвшөөрөл авалгүй нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн эзэмшиж байгаа иргэнийг газрыг чөлөөлж өгөхийг тус долдугаар байрын оршин суугчид шаардсаар байна.
Б.Норовсамбуу