З.Нарантуяа: Төсвийн урсгал зардлыг 805.6 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-06 18:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн дэх, улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг эрхэлдэг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр хуралдав.


Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


Төслийн талаар Сангийн яамны Төрийн бичгийн дарга С.Наранцогт танилцуулахдаа, "Ирэх онд эдийн засгийг тогтвортой өсгөх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг Засгийн газар үргэлжлүүлнэ. Түүнчлэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлого хэрэгжүүлэх юм. Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг" хэмээв. Засгийн газраас Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцжээ.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга З.Нарантуяа, Төсвийн зардлын 70 орчим хувийг урсгал зардал эзэлж буйг шүүмжлэв. Тэрбээр, ирэх оны төсвийн төсөл 2019 оныхтой харьцуулахад ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 10-80 хувиар өссөн байна. Үүнд дүн шинжилгээ хийж, 805.6 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах боломжтой" хэмээсэн юм.


Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ