“Токио-2020” зуны XXXII олимп эхлэхэд 262 хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-06 12:10:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотноо 56 жилийн дараа болох зуны 32 дугаар олимпын наадамд оролцох эрхийг Монгол Улсаас 40 тамирчин авах зорилт дэвшүүлэн үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулиа эрчимтэй базааж байгаа юм.


“Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд 262 хоног үлдээд байгаа энэ мөчид Монголын баг тамирчдаас албан ёсоор олимпын дэвжээнд гарах 10 эрх аваад байна.


Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 2019 оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг авсан юм.


Харин 10 дахь эрхийг буудлага спортоор Оюунбатын Есүгэн авлаа. Тэрбээр өчигдөр Катарын Доха хотноо /2019.11.06/ эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 626,5 оноо авч эрхийн болзол хангажээ. Одоогоор, Монголын буудлагын тамирчид олимпын гурван эрх аваад байгаа бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард СМ Ц.Анударь, ОУХМ Э.Даваахүү “Токио 2020” олимпын наадмын эрхээ авсан.


Өнгөрсөн есдүгээр сард болсон “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 65 кг-д Монголын үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпын их наадмын анхны эрхийг авчирсан. Мөн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпын эрхээ авч, улмаар хүрэл медаль хүртсэн юм.


Монголын багийн спортын түүхэнд олимпын эрхийг анх удаа хүртсэн онцгой үйл явдал энэ сарын 1-нд тохиож монголчуудаа баярлуулсан. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх авсан орнуудыг энэ өдөр зарлахад Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийг албан ёсоор авсан юм. Монголын эмэгтэй шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтжээ. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпын эрхийн болзол хангаад байсан юм. Харин Япон улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр манай эрэгтэйчүүд чансаагаараа олимпын эрх авах боломжгүй болсон. Гэхдээ тэд Токиогийн олимпын эрх олгох хоёр ч тэмцээнээс эрх авах боломжтой. Монголын эрэгтэйчүүдийн багийг Энэтхэг болон Унгар улсад 2020 оны 3 болон 4 дүгээр сард болох олимпын эрхийн тэмцээн хүлээж байгаа юм.

"Токио-2020" зуны олимпын наадмын дараа Токио хотноо паралимпын наадам болно. Монголын пара спортын шигшээ баг тамирчдаас “Токио-2020” паралимпын эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар тус тус хүртсэн бол пара буудлагын ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын эрхээ албан ёсоор авсан. Мөн гавьяат тамирчин Э.Содномпэлжээ пауэрлифтингийн төрлөөр дэлхийн дээд амжилтыг олон удаа ахиулж паралимпын эрхийн болзлоо бүрэн хангажээ. Тайландын Бангкок хотноо 10 дугаар сард болсон  байт харвааны Ази тивийн АШТ-ээс Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртсэн амжилтаараа "Токио-2020" паралимпын эрхээ авсан юм.

Ташрамд сонирхуулахад, Монгол Улс зуны 13 удаагийн олимпын наадамд оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртсэн. Монгол Улс медаль хүртсэн орны тоогоор 199 орноос 51 дүгээр байрт орж байна.


1964 оны Токиогийн олимпын наадамд 21 тамирчин оролцож медаль хүртэж чадалгүй ирсэн. Тус олимпын наадамд 93 орны тамирчин оролцсон байна.

1968 онд 16 тамирчин Мексикийн Мехико хотыг зорьж /Ж.Мөнхбат/ нэг мөнгө, /Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг/ гурван хүрэл медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсон байна. 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.

1972 оны Мюнхены олимпод 41 тамирчин явж /Х.Баянмөнх/ нэг мөнгөн медаль, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон.

1976 оны Монреалын олимпод 33 тамирчин оролцож /З.Ойдов/ нэг мөнгө хүртэж, шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35 дугаар байрт жагссан байна.

1980 оны Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцож /Ж.Даваажав, Ц.Дамдин/ хоёр мөнгө, /Д.Оюунболд, Р.Даваадалай/ хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй.

1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23 дугаар олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.

1988 оны Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцож /Н.Энхбат/ нэг хүрэл медаль, таван шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.

1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас /Н.Баярсайхан, Д.Мөнхбаяр/ хоёр хүрэл медаль зүүж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байр эзэлсэн.

1996 оны Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцож /Д.Нармандах/ нэг хүрэл медаль хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.

2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгисан билээ.

Шинэ зууны анхны олимп болох 2004 оны Афины олимпын наадамд Монголын баг тамирчид /Х.Цагаанбаатар/ нэг хүрэл медаль хүртжээ.

2008 оны Бээжингийн олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртжээ.

2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д олимпын аварга Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан болсон. Боксын спортоор Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдо бөхөөр Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхөөр Соронзонболдын Батцэцэг, боксын спортоор Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу 5 медальтай ирсэн юм.

2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд жүдо бөхөөр Доржсүрэнгийн Сумьяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. 


Холбоотой мэдээ