Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил хийж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-06 09:21:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймаг 2019 онд бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75.0 мян га талбайд хийж гүйцэтгэж байгаа юм.

Энэхүү ажлаа тус аймгийн Баруунбүрэн, Мандал, Баянгол, Сант, Орхон, Орхонтуул, Сайхан, Түшиг, Хушаат, Жавхлант зэрэг суманд хийж гүйцэтгэх гэнэ. Эл ажлын хүрээнд энэ сарын 03-ны өдөр Орхон сумын Чант гэх газар байгальд сөрөг нөлөөгүй энгийн механик аргуудыг ашиглан үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран сумын бүртгэлтэй ажилгүй иргэдийг уг ажилд хамруулж түр ажлын байраар хангаж байгаа аж.

Үлийн цагаан оготны хэт олшролтыг зохицуулах, тоог хэвийн хэмжээнд барих хямд, үр дүнтэй, урт хугацааны арга бол бэлчээрийн талхагдлыг багасгаж, ургамлын нөхөн ургах боломжийг бүрдүүлэх явдал аж. Иймээс бэлчээрээ хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, “Мерси кор” олон улсын байгууллагатай хамтарч Зүүнбүрэн, Шаамар суманд бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ