Дуу хөгжмийн багш нарыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-04 11:52:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн бүх сумын ЕБС, хүүхдийн цэцэрлэг, соёлын төвийн дуу хөгжмийн багш нар сургалтад хамрагдлаа. Энэ удаагийн сургалтыг онол дадлага гэсэн хоёр төрлөөр явуулсан бөгөөд багш нар шинэ төрлийн хөгжмийн зэмсэг, бусад шаардлагатай техник хэрэгслүүд дээр ажиллаж сурснаараа онцлог байлаа.

Багш нар онолын мэдлэгийг хүүхдэд хялбар замаар ойлгуулах, хэмнэл тогтоох арга зүйг хэрхэн эзэмшүүлэх, мөн өсгөгч, микрофон зэрэг зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл дээр хэрхэн зөв ажиллаж сурах чадварыг эзэмшсэн аж.

Сүүлийн үед шинээр дэлгэрч байгаа хөгжмийн зэмсэг болох укулэлэ буюу мини гитарыг хүүхдүүдэд хэрхэн заах талаар анхан шатны сургалтыг багш нарт дадлага хэлбэрээр олгож буйгаараа өмнөх сургалтаас онцлог. Хүүхдүүд төдийгүй багш нар сурахад хялбар, бас их сонирхолтой хөгжмийн зэмсэг байна гэдгийг багш нар хэлж байна. Тус аймгийн ихэнх сургууль үндэсний хөгжмийн зэмсгээр хангагдсан. Түүн дээрээ сургалтаа явуулдаг. Зарим нэг сургууль мөн цахилгаан хөгжмийн зэмсэгтэй. Ер нь манай сургууль, цэцэрлэг, соёлын төвүүд хангалттай хэмжээний хөгжмийн зэмсгээр өнөөг хүртэл хангагдаж чадаагүй. Энэ нь өртөг өндөр байдагтай холбоотой. Гэхдээ бид хөгжмийн зэмсэггүй гээд урсгалаараа яваад байж болохгүй, эхний ээлжинд багш нараа сургаж чадавхжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлбэл дараа хөгжмийн зэмсгээр хангагдаад ирэхээр шууд хүүхдүүд рүүгээ чиглэсэн сургалтын ажлаа эхлүүлэх боломж бүрдэх юм гэж аймгийн БСУГ-ын соёлын ахлах мэргэжилтэн Б.Золхүү ярилаа.

Харин Баяндэлгэр сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш Б.Ариунжаргал хэлэхдээ, сургалт үнэхээр шинэлэг сонирхолтой болж байна. Аливаа сургалт голлон онолоор шахдаг, харин энэ удаад хөгжмийн зэмсэг болон техник хэрэгсэл дээрээ биечлэн ажиллаж, чадахгүй зүйлээ мэргэжлийн багшаас асууж заалгаж байгаа нь маш үр дүнтэй байна. Ер нь сурагчид дуу хөгжмийн хичээлд их дуртай. Манай сургуулийн хувьд хоёр багш долоо хоногт бага ангид хоёр, дунд болон ахлах ангид нэг цагийн хичээл ордог. Энэ хугацаагаа үр дүнтэй ашиглаад хүүхдүүдэд зохих мэдлэгийг олгож чаддаг. Харин сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг төдийлөн сайн биш гэв.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСУГ/-аас сурагчдын амралтын үеэр багш нараа чадавхжуулах олон төрлийн сургалтыг явуулсны нэг нь хөгжмийн багш нарт зориулсан сургалт юм.

 

Холбоотой мэдээ