Ж.Батзандан: Улсын төсвийн төсөлд тэвчиж болох 1.7 их наяд төгрөгийн зардал байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцжээ.
Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд хэт өндөр төсөв суулгасан 30 гаруй
барилга, байгууламжийн жагсаалтыг гаргажээ. Тодруулбал, гаалийн шинэчлэлд 70
тэрбум, Баян-Өлгий аймагт 100 ортой эмнэлэг барихад 17.3 тэрбум, автозам шинээр
барих, засахад 300 тэрбум, УДБЭТ-ийг 54 тэрбум, Байгалийн түүхийн музейг 94
тэрбум, Төв номын санг 52 тэрбум, Үндэсний урлагийн их театрийг 152 тэрбум
төгрөгөөр барихаар төсөвлөсөн байна. Энэ нь барилга, байгууламжийн дундаж
өртгөөс 3-5 дахин өндөр үзүүлэлт хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэв.
Тэрбээр, “Энэ бүх зардлыг тэвчиж, 2021 оны төсөв хүртэл хойшлуулснаар 1.7
их наяд төгрөг хэмнэх боломж бий. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Монгол
Улс татвар нэмэх, үйлдвэрлэл, инновацыг хөгжүүлэх, баялаг бүтээх салбарыг
дэмжих, ажлын байр бий болгож, эдийн засгийг төрөлжүүлэхэд хөрөнгө оруулах нь
туйлын чухал” хэмээсэн юм.
Мөн Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх бодлого
хэрэгжүүлж чадаагүй тул Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны
дарга нарт хариуцлага тооцох асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Уг
асуудлыг ШИНЭН дэмжихээр шийдвэрлэсэн байна.