“Ногоон барилга”-ын үнэлгээний систем, санхүүжилтийг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-02 21:41:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой, ногоон барилгын үнэлгээний систем, санхүүжилтийн арга механизм” сэдэвт уулзалтыг БХБЯ-наас төр, хувийн хэвшлийн дунд зохион байгууллаа.

Уулзалтыг БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар нээж хэлэхдээ,  “Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого-2030”, мөн “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг баримт бичигт манай улс барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 40 хувиар бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхээр тусгасан”-ыг дурдаад, эдгээр нь барилгын салбарын шийдвэрлэх гол зорилтууд болж байна хэмээн онцоллоо. Дээрх зорилтын хүрээнд үндэсний норм, дүрэм, стандартыг боловсронгуй болгох, хүний нөөцийг сургаж дадлагажуулах зэрэг олон ажлыг хийж, төлөвлөн хэрэгжүүлж байна гэв.


Мөн “Дэлхийн дулаарлын эсрэг бүх нийтээрээ тэмцэх шаардлага тулгарч буй энэ үед барилгын салбарт барилга, байгууламжаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд урьд урьдынхаасаа илүү идэвх чармайлттай ажиллах шаардлагатай байна. Үүний тулд эрчим хүчний хэмнэлттэй пассив, ногоон барилгын үйлдвэрлэлд тулгамдаж буй зүйлийг хэлэлцэхээр салбарын хэмжээний уулзалтуудыг зохион байгуулж байна” гэсэн юм.

2017 онд БХБ-ын сайдын 196-р тушаалаар “Ногоон барилгын зөвлөл”-ийг байгуулж, 2018 оны 10-р сард барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхнийг ногоон үйлдвэрлэл, үйлчилгээнд татан оролцуулах нөхцөл боломжийн талаар холбогдох газруудын мэдээллийг сонсон, уулзалт зохион байгуулж ирсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар барилгын салбарынханд шинэчлэн баталж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, Уур амьсгалын ногоон сангийн зарцуулалт, Монгол Улсад Ногоон санхүүжилтийн хүрээнд хийж байгаа ажлын мэдээллийг хүргэж, “Цонхны дулаан алдагдлыг бууруулах нөхцөл шаардлага”, “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлого, сангийн санхүүжилт” зэрэг илтгэл хэлэлцүүллээ. Мөн “Ногоон барилга”-ыг үнэлж, сертификат олгох үндэсний системийг бий болгох талаар хийж буй ажлын талаар мэдээллээ.

Холбоотой мэдээ