Авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй улстөрчдийг нэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-14 14:46:08

Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдыг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үетэй давхцуулан тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар яаравчлан шийдвэрлэх гэж байгаа нь цаг хугацааны хувьд хэт түргэдсэн асуудал хэмээн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, Олон нийтийн зөвлөлийн гишүүн Т.Хасбаатар нар хэллээ. 

Л.Төр-Од "Өршөөлийн тухай хуульд авлигын хэрэгт холбоотой хүмүүсийг багтаах гэсэн оролдлогыг таслан зогсоох нь чухал. Нэр бүхий УИХ-ын гишүүд өөрийн булхай, луйвар, авлигын асуудлаа нуухын тулд АТГ-ын үйл ажиллагаанд саад хийх оролдлого үзүүлж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санаачилга гаргаж байгааг хэлээд ялангуяа "Авлигын эсрэг хууль"-д өөрчлөлт оруулах гэсэн оролдлого гаргаж буйг дурдав.

Т.Хасбаатар “Улстөрчид авлигын хэрэгт холбогдсон бол шууд шалгуулж, нэрээ цэвэрлэж яагаад чадахгүй байна вэ. Олон хүмүүс цуглуулж, дуулиан шуугиан гаргаж сүржигнэж байна. Түүгээр ч барахгүй АТГ-ын үйл ажиллагаанд саад хийх гэж оролдлоо" гээд авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй улстөрчдийн төлөөллөөс нэрлэлээ.

“З.Энхболд, М.Энхболд, Г.Батхүү, С.Баярцогт, Сү.Батболд тэргүүтэй гишүүд нэн тэргүүнд авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй байгааг шууд хэлэх хэрэгтэй” гэв.

Нийтийн сонсголын тухай хуулиар аливаа хууль, эрх зүйн актыг олон нийт, судлаачдын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлэх замаар батлах тухай заасныг дурдаад сонгууль дөхөж, улстөрчид булхай, луйвраа нууж хаах хууль санаачилж, батлахаас сэргийлэхийг ард иргэдэд уриалж байна гэдгийг дээрх нөхөд мэдэгдлээ.

Ж.Батсайхан

Гэрэл зургийг Д.Батбаяр

Холбоотой мэдээ