Хийн дасгалын аймгийн аварга ахмадыг шалгаруулав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-01 18:43:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэнд, Биеийн тамир, спортын газар хамтран “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг ахмад настнуудын дунд зохион байгууллаа.

Тэмцээнд Арвайхээр, Баянгол, Хархорин, Хужирт, Уянга сумаас нийт 7 багийн 120 ахмад оролцсон юм. Энэ жилийн тэмцээнд багийн гишүүдийн тоо нэмэгдсэн, дасгалын гүйцэтгэл сайн байсан, ахмадууд эрүүл бие, хөдөлгөөн дасгалд идэвхтэй хамрагдаж, алхалт, дасгал хөдөлгөөний клуб байгуулан ажиллаж, клубийнхээ баг, тамирчдыг оролцуулсан зэрэг олон давуу тал байгааг ЭМГ-аас онцоллоо.

Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгалыг тогтмол хийснээр даралт тогтворжиж, сэтгэл санаа тайвширч, нойр сайжрах, үе мөчний өвдөлт намдах гээд үр дүн ихтэй аж. Тэмцээний нэгдүгээр байрт Баянгол сум, хоёрдугаар байрт Арвайхээр сум, гуравдугаар байрт "Энэрэл" клубийн баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.

Холбоотой мэдээ