"Нүүдэлчдийн ахуй соёл-Эко соёл" эрдэм шинжилгээний хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-02 14:31:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нүүдэлчдийн ахуй соёл-Эко соёл" үндэсний эрдэм шинжилгээний хурлыг Соёл урлагийн газар "Отгонтэнгэр" их сургуультай хамтран зохион байгуулав. Тус хурал нь монгол өв соёлын биет зүйлс дээр илтгэгч, сонсогч нар ярилцлага өрнүүлснээрээ онцлог болсон юм.

Тухайлбал, хуралд оролцохоор ирсэн хүн бүрийг тосон мэндчилж, тавагтай идээ, халуун цайтай угтлаа. Дараа нь илтгэгч нар задгай монгол гэрт соёлын үзмэрүүд бүхий ширээг тойрон илтгэлээ хэлэлцүүлэв. Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар, Отгонтэнгэр их сургуулийн захирал Н.Энхзаяа нар үг хэлж эрдэм шинжилгээний хурлыг нээсэн.


"Нүүдэлчийн ахуй соёл-Тогтвортой хөгжил" сэдвээр ОТИС-ийн доктор С.Одхүү, оюутан Х.Оюундарь, Г.Энхжин, Ц.Мөнхчулуун нар, "Нүүдэлчдийн ахуй соёл-Эко соёл" сэдвээр Гэр бүл судлаач, доктор Т.Намжил, СЭЗИС-ийн багш Д.Цогзолсүрэн, Мандах Их сургуулийн профессор С.Ганцэцэг, Э.Оюун-Эрдэнэ, Зоо инженер технологийн магистр Б.Сангад, Дорнод их сургуулийн багш Б.Жаргалтуяа нар тус тус илтгэл тавив.


Илтгэгч нар нүүдэлчдийн үр хүүхдээ хүн болгох ухаанд сургах, байгаль төвт соёл эх хэлээр илрэх, байгаль хамгаалах уламжлалт овооны шүтлэг, аргал хомоолын хэрэгцээ, морь болон техникээр хонь хариулахад үзүүлэх нөлөө гээд  сонин сэдвийг бодит үзүүлэнгээр жишээлэн ярьсан юм.


Эрдэм шинжилгээний хуралд нийт 45 гаруй илтгэл ирснээс 17 илтгэлийг хэлэлцүүлэн батламж, мөнгөн шагнал гардууллаа. Үзэсгэлэнд бүтээлээрээ оролцон, үзмэрүүдийг урласан сурагч, оюутнуудын бүтээлээс эхний гурван байр эзлүүлэн шагнаж урамшуулав.






Холбоотой мэдээ