Чилийн Ерөнхийлөгч АPEC-ийн уулзалтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-31 12:17:03

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Эсэргүүцлийн ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Аsian Pacific Еconomic Cooperation" /АPEC/ буюу Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлыг Чилид зохион байгуулахгүй байх шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера гаргажээ.


“Ийм шийдвэр гаргахад хэцүү байсан боловч дээрх арга хэмжээнүүдийг цуцлахаар шийдлээ” гэж тэрбээр мэдэгдсэнийг телевизийн “24horas” суваг дамжуулсан байна.


АPEC-ийн дээд хэмжээний уулзалт Чилийн нийслэл Сантьяго хотод 11 дүгээр сарын 16-17-ны хооронд, Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал 12 дугаар сарын 2-13-нд болох ёстой байв. АPEC-ийн орнуудын төрийн тэргүүн нарын анхны уулзалт 1993 онд АНУ-ын Сиэтл хотод болсон бөгөөд үүнээс хойш жил бүр зохион байгуулж байгаа юм. Энэхүү уулзалтыг 2004 онд Сантьяго хотод зохион байгуулж байжээ.


Чилид метрогоор зорчих үнэ дунджаар 30 песогоор /0.04 ам.доллар/ нэмэгдэж, 850 песо /1.2 ам.доллар/ болсны дараа  10 дугаар сарын 14-нд тус улсын нийслэл хотод эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, улмаар эмх замбараагүй байдал дэгдсэн байна. Үймээн самуун мөн бусад хотод ч дэгджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Чилийн Ерөнхийлөгч Сантьяго болон бусад хэд хэдэн хотод онц байдал зарлаж, хөл хорих цаг тогтоосны зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээний үнийг бууруулах шийдвэр гаргажээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр 19 хүн амиа алдсан байна.


Өнгөрсөн долоо хоногт Пиньера тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, цахилгааны тарифыг бууруулах зэрэг хүн амд нийгмийн дэмжлэг үзүүлэх хэд хэдэн арга хэмжээг танилцуулжээ. Тэрбээр Сантьяго хотод АPEC-ийн дээд хэмжээний уулзалт эхлэхээс гурван долоо хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 27-нд бүс нутгуудад тогтоосон онц байдлыг цуцлах зарлигт гарын үсэг зурсан байна. Чилийн нийслэл болон зарим хотод даваа гарагт дахин эмх замбараагүй байдал дэгджээ.


Холбоотой мэдээ