"Дэлхийн шилдэг удиртгал хөгжим"-өөр 11 дүгээр сарыг эхлүүлнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-30 17:16:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хамт олон  жил бүр уламжлал болгон тоглодог “Дэлхийн шилдэг удиртгал хөгжим” концертоо 11 дүгээр сарын эхний өдөр тоглоно.

Дэлхийн шилдэг удиртгал хөгжмийн энэ жилийн тоглолтоор Английн соён гэгээрүүлэгч В.Шекспирийн “Гамлет” жүжигт зориулсан  Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Гамлет удиртгал, уран сэтгэмж”-ийг тоглоно. Дэлхийн дуурийн урлагт "Германы сонгодог” хэмээдэг Р.Вагнерын цуутай бүтээл “Лоенгрин” дуурийнх нь удиртгал хөгжмийг монгол үзэгчдэд  анх удаа сонсгоно.

Италийн дуурийн урлагийн мастер Ж.Россинийн “Вельгельм Телл”, мөн Германы үндэсний бахархлуудын нэг Ф.Менделсоны “Бартольди”, Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Оффенбахын ‘Oрфейн там’ удиртгалыг ч энэ үдэш эгшиглүүлэх юм байна. Удиртгал хөгжмүүдийн тоглолтыг хөгжим судлаач Х.Ариунаа тайлбарлаж үзэгчдийн сонорт хүргэнэ. Улсын Филармонийн хамт олон уран бүтээлийн 48 дахь өвлийн улирлын нээлтээ сонгодог хөгжмийн  онцгой тоглолтоор ийнхүү хийх гэж байна. 

Холбоотой мэдээ