Багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-30 07:27:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ хамтран Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.


Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлсэн үгэндээ, "Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжих явцад тулгамдаж буй асуудлыг шүүх, прокурор, цагдаа болон зөрчил шалган шийдвэрлэж буй эрх бүхий байгууллагаас гарсан санал шүүмжлэл болон хийдэл давхардлыг арилгах, судлаачдын саналыг тусган, багц хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг өрнүүлж байна" гэлээ.



Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслүүдийг танилцууллаа. 2019 оны есдүгээр сарын байдлаар Цагдаагийн байгууллагад 449 мянга орчим гомдол дуудлага ирүүлснээс 173 мянга орчим нь гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байжээ. Одоогоор гэмт хэргийн шинжтэй 52 мянган дуудлага, зөрчлийн шинжтэй 117 мянга орчим гомдол мэдээллийг шийдвэрлэсэн гэдгийг онцлов.


Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй нийтлэг зөрчил, хөрөнгө хураах арга хэмжээний талаар илтгэл тавилаа.



Дараа нь Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баянжаргал “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт” илтгэлдээ, "Эрх бүхий байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх харьяалал давхардсан, Дуудан ирүүлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс зөрчлийн холбогдогч ирдэггүй. Улмаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хуульд заасан хугацаа дуусаж, хэргийг хэрэгсэхгүй болгодог. Шинжээчийн эрх үүргийг хуульд тусгаж өгөөгүйгээс дүгнэлт гаргуулахад хүндрэл учирдаг, шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газраас батлуулахаар хуульд заасан боловч хэрхэн хэрэглэх нь тодорхой бус байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг заалтыг иш татсан зохицуулалт олон байгаа нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд хүндрэл учруулдаг зэрэг бэрхшээл бий" хэмээв.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Ганболд, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оролцож,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Монголбанк, Сангийн яам болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Жендэрийн үндэсний хороо зэрэг 30 орчим байгууллага, иргэдийн төлөөлөлтэй санал солилцсон юм.

Холбоотой мэдээ