Зүрх судасны шалтгаант нас баралт Хөвсгөл аймагт хамгийн өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-30 10:00:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 29 тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр. Хөвсгөл аймгийн хэмжээнд зүрх судасны шалтгаант нас баралт 10 000 хүн амд 15,9 хувьтай буюу улсын хэмжээнд хамгийн өндөр байна.

Хүн амын дунд тархины харвалтад хүргэдэг хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж нас баралт нэмэгдэх шалтгаан болж байгаа гэнэ. Энэ өдөр тус аймгийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд зориулсан харвалтын эрсдэлт хүчин зүйлүүдийг тогтоох, биеийн жингийн индекс, харвалтаас сэргийлэхэд дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах, мэдээлэл сурталчилгааны материал түгээх, цусны даралтаа өөрөө үзэх аргачлалыг танилцуулах сургалт,  эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Дэлхийн дахинд тархины харвалт нь мэдрэлийн эмгэг дундаас тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй, жил бүр 26 сая хүн харвалтаас тахир дутуу болж, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлдэг.  Зургаан секунд тутамд нэг хүн харвалтад өртөж жилдээ 17 сая хүн тархинд цус харваж үүнээс 6.5 сая хүн нас бардаг ажээ.

Холбоотой мэдээ