Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-30 12:04:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сурталчлах, байгаль хамгаалагчдын ажлыг шалган, зөвлөн туслах" ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагааг тус аймаг дахь Хүйсийн говь цэцэг нуурын сав захиргаатай хамтран аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн орон нутгийнхаа 18 суманд хүрч ажиллах ажээ. Ажлын хэсгийнхэн 2020 онд байгаль орчны салбарт хийж хэрэгжүүлэх ажил, орон нутгийн хэмжээнд төлөвлөсөн ажлуудтай танилцах гэнэ. Мөн сумдын иргэдэд байгаль орчны тухай хууль, холбогдох дүрэм журам, авч хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавьж ард иргэдээс санал асуулга авна хэмээн зохион байгуулагчдын зүгээс танилцууллаа.

Мөн үеэр байгаль хамгаалагчдын ажлыг дүгнэж эд хөрөнгөд тооллого хийх бөгөөд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, багийн Засаг дарга, малчидтай хамтран усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зураглалыг танилцуулж санал авах тоологдоогүй зураглалд ороогүй гол горхины судалгаа авах ажлыг зохион байгуулах юм. 


Холбоотой мэдээ