Бан Ги Мүнийг залгамжлагчийг нээлттэй хэлэлцүүлгээр тодруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-14 11:28:41

ТОКИО. /NHK/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тус байгууллагын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох талаар шинэлэг бөгөөд ил тод үйл явцыг хэрэгжүүлж эхэллээ.

Хэд хэдэн удаа болох хэлэлцүүлгийн явцад НҮБ-ын гишүүн бүх орны төлөөлөгчид энэ оны эцэст бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Бан Ги Мүн-ий оронд томилогдохоор нэр дэвшигчдэд хандан асуулт тавих юм. Өмнө нь хаалганы цаана өрнөдөг байсан албан тушаалд томилох яриа хэлцээг ийнхүү нээлттэй болгон өөрчилж байна.  

Одоогийн байдлаар есөн хүн нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд мягмар гарагт эхний гурван өрсөлдөгч илтгэл тавьж олон нийтийн  болоод улс орнуудын төлөөлөгчдөөс тавих асуултуудад хариулах юм.

Бан Ги Мүн-ийг залгамжлах өрсөлдөөнд Болгар улсын иргэн, ЮНЕСКО-ын Ерөнхий захирал Ирина Бокова нэрээ дэвшүүлсэн байна. Тэрбээр дэлхий дахинд энх тайвныг тогтоож тогтвортой өсөлтийг хангахад хүйсийн тэнцвэрт байдал чухал гэдгийг онцолжээ.

Өөр нэгэн нэр дэвшигч болох Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын Дээд комиссараар ажиллаж байсан Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутеррес дүрвэгчдэд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийллээ.

Гуравдахь нэр дэвшигч бол НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Шинэ Зеландын Ерөнхий сайд  асан Хелен Кларк юм.

Уг нээлттэй хэлэлцүүлэг гурван өдрийн турш үргэлжилнэ.

Х.Сарнай

 



 

 

Холбоотой мэдээ