Орон нутагт оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах зөрчил гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-29 17:10:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах зөрчил ихээр гарч байна гэж Оюуны өмчийн газраас мэдээллээ.

Тус газрын мэргэжилтнүүд өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, орон нутгийн бизнес эрхлэгч, иргэдэд оюуны өмчийг хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулав. Уг сургалт нь иргэдэд оюуны өмч, оюуны өмчийн зөрчлийн талаар үндсэн ойлголт өгөх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, өмчөө хэрхэн бүртгүүлэх тухай мэдээлэл хүргэх зорилготой аж.

"Сургалтын хажуугаар орон нутгийн телевизүүдэд төлөвлөгөөт бус шалгалт хийж, зөвлөн тусалж байгаа. Бидний очсон бүх аймагт бусдын кино, дуу хөгжим зэрэг бүтээлүүдийг зөвшөөрөлгүй ашиглах нийтлэх зөрчил гарч байна. Энэ удаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхааруулга, шаардах хуудас өгөөд явна. Дараа нь гүйцэтгэлийн шалгалт хийх болно" гэдгийг ОӨГ-ын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр хэллээ.   

Ташрамд сануулахад, зохиогчийн бүтээлийн халдашгүй байдал болон түүний эдийн бус баялгийн бусад эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх ажээ. 

Холбоотой мэдээ