Д.Эрдэнэбат: 2020 оны төсвийг төлөвлөхдөө орлогыг хөөсрүүлж, зардлыг нэмсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-28 13:46:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн төсөл "Орлогыг хөөсрүүлж, зардлыг нэмсэн" төсөл болсон гэж дүгнэсэн талаар мэдээлэв.


УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, "Эрх баригчид төсвийн орлогоо дэндүү өөдрөгөөр төсөөлсөн. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хэт хөөсөрсөн, төрийн бодлого алдагдсан төсвийн төсөл өргөн барьсан гэж АН-ын зөвлөлөөс дүгнэлээ. Төсөлд тусгаснаар, 2020 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспорлох юм. 2018 онд 36 сая тонн нүүрс экспортлосон, одоо хүлээгдэж байгаа 28.7 сая тонн байна. Он дуусахад 30 сая тонн хүрэх нь эргэлзээтэй байхад 2020 онд 10 сая тонн илүү төлөвлөнө гэдэг хэтэрхий өрөөсгөл төсөөлөл юм. 2015 онд төсвийн нийт зардал 7.5 их наяд байсан бол 2020 онд 13.8 их наяд буюу хоёр дахин их байхаар төлөвлөсөн нь сонгуульд зориулсан төсөв гэж харагдаж байна. Тодруулбал, 2020 онд зөвхөн театр, музейн барилга барихад 447.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 50 хувиас дээш хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс гадна УДБЭТ, УДЭТ-ын барилгыг 50 тэрбумаар төсөвлөөд, үүнээс ирэх онд дөрвөн тэрбумыг нь тавьсан байна. Энэ нь ирэх жилд нураагаад л орхих хэмжээний төсөв. Чингис хааны музейн барилгад 53 тэрбумыг төсөвлөөд, ирэх онд барихаар төлөвлөсөн байна. Энэ том барилгыг жилийн дотор барьж амжихгүй. Ингээд харахад, түүх соёлын салбараа өөд нь татъя гэсэн ч ойлгомжгүй байдал үүсгэсэн, хэт хөөсөрсөн, их хэмжээний хөрөнгө оруулалтын зардалтай төсөв боловсруулсан байна" хэмээв. 


УИХ дахь АН-ын зөвлөлөөс Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн төслийн ажлын багийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарт, тус төсөлд ажлын байр нэмэгдүүлсэн, зээлийн сангуудыг иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн, үр ашиггүй зардлыг хасаж, төсвийн алдагдлын бууруулах, ирээдүйн өв санг нэмэгдүүлэх чиглэлээр санал нэмж тусгах чиглэл өгчээ.  

Холбоотой мэдээ