Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-25 14:07:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой өнөөдөр уулзлаа.


Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн бүс нутгийн нөхцөл байдалтай танилцахаар Монголд ирсэн нь хоёр орны хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцлон тэмлэглэлээ.


Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.


ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оол, ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагиногийн төмөр замын төсөл багтсан бөгөөд энэ нь Тува, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оол нар ярилцсан асуудлуудын хүрээнд хамтарсан ажлын баг байгуулах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, шат шатандаа нягт, эргэх холбоотой хамтран ажиллахаар болов.


-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр Зүүн хойд Азийн маршрутыг худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж буйгаа, мөн энэ хүрээнд Кызыл-Курагино, үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр зам, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа зарласан байдаг.

Холбоотой мэдээ