Эрүүл мэндийн салбарт 52 мянган мэргэжилтэн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2019-10-25 12:19:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг тодорхойлох зорилг бүхий “Монголын эмч нарын VI их хурал” өнөөдөр эхэллээ.


Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 52 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байгаагийн 11 мянга нь эмч байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эмч нарын VI их хурал”-д эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг төлөөлж нийслэлийн 350, аймаг, орон нутгийн 450 эмч, сувилагч оролцож байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үеэр онцлов.


“Монголын эмч нарын VI их хурал”-д Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлж, илгээлт ирүүлжээ.


Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал төрийн бодлогын цөм байх ёстой гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ дурдсан байна. Тэрбээр, “Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг баталгаажуулахын тулд анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжлийг нэн тэргүүнд тавих ёстой. Өнөөдөр Монгол Улс зарим өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь сэтгэл түгшээж  байна. Бид хүн ардын эрүүл мэндийн манаанд зогссон эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үр бүтээлтэй, тогтвортой ажиллах боломж нөхцөл, нийгмийн баталгаагаар хангалгүй, эмзэг байдалд байлгасаар удаж байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа төрийн үйлчилгээний албан хаагч, тэр дундаа эмч, багш нарын цалинг нэмэх, тэдэнд тохирсон орон сууцны зээлийн бодлого бий болгох, “Орон сууцжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхийг Засгийн газарт санал болгож ирсэн. Энэхүү саналыг ажил хэрэг болгохыг салбарын сайд, Засгийн газрын тэргүүнд чиглэл болгож байна” гэжээ.



Монгол Улсын хүн ам 1921 онд 600 мянга гаруй байсан бол эдүгээ 3.2 саяд хүрч, дундаж наслалт 70.2 болж өссөн, цагаан цэцгээс эхлээд олон халдварт өвчнийг бүрэн устгасан нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үр дүн гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээндээ онцолжээ. Мөн тэрбээр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх нь Монголын Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг дурдаад өнгөрсөн онд 18 эмнэлэг ашиглалтад оруулсныг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн ирэх онд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий 300 ортой хүүхдийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Түлэнхийн төвийг ашиглалтад оруулж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлснээс гадна эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх, нийгмийн хангамжийг сайжруулахад анхаарч буйгаа дурджээ.


Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд орчин үеийн нарийн технологийг эзэмших, иргэдэд эрүүл мэндийн тэгш үйлчилгээ хүргэх зэрэг олон асуудал тулгамдаж байна. Аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг нь Монголын төрийн бодлогын төвд байдаг. Амьдралаас урган гарсан тулгамдсан асуудлаас эхлээд алс хэтийн чухал зорилтыг эрүүл мэндийн салбарынхан мэдлэг боловсрол, ур чадвар, хичээл зүтгэлээрээ шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд цаашид эрүүл мэндийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулахад УИХ анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн байна.


“Монголын эмч нарын VI их хурал” үргэлжилж байна.

Холбоотой мэдээ