Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-23-нд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэх 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдлагууд энэ онд Зүүбаянгаас эхлэн 50 км төмөр замыг тавьж дуусгахаар ажиллаж байгаагаа танилцуулав. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож буй төрийн байгууллага болон хувийн компаниуд өвлийн улирал харгалзахгүйгээр суурийн далангийн болон дээд бүтцийн бэлдэц хийх, карьер гаргах зэрэг ажлуудаа гүйцэтгэж, гуравдугаар сарын эхэн гэхэд доод бүтцийн ажла эхлүүлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд 30 орчим аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байгаа бөгөөд 414 км урт технологийн замаа тавьж дуусгасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Х.Болорчулуун, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан, нар ажилласан юм.