"Жизель" бүжгэн жүжгийн 40 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-24 19:33:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа А.Аданы "Жизель" бүжгэн жүжгийг 40 дэх жилдээ 181, 182 дахь удаагаа тоглох гэж буй тухай тус театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээллээ.

Дэлхийд анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Парисын "Гранд опера" театрын тайзнаа "Жизель" бүжгэн жүжгийг тавьж байжээ. Монголд анх удаа 1979 оны 12 дугаар сарын 22-нд ОХУ-ын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэн тавьсан байна. Хөгжмийн ерөнхий удирдаачаар ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, тайзны зураачаар А.Морозов, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх нар ажиллаж байв. Ардын жүжигчин Ю.Оюун Жизелийн дүрийг бүтээж байсан бол, Алберт гүнийг залуу жүжигчин О.Батсайхан, Гансыг залуу жүжигчин Д.Батхүрэл, Миртагийн дүрийг жүжигчин Б.Энхээ нар бүтээж байжээ. 


"Жизель" балетын 40 жилийн ойг тэмдэглэх ёслол 10 дугаар сарын 26,27-ны өдөр дуурийн театрт болно. Энэ үеэр "Жизель"-ийг тоглож,  урьд нь гоцлон бүжиглэсэн бүжигчид,  хөгжимчдөд хүндэтгэл илэрхийлэх юм. 

"Дэлхийн балетын оргилыг "Жизель" гэж үздэгээс гадна энэ балетад бүжиглэсэн бүжигчинг академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин боллоо хэмээн үнэлдэг" гэдгийг ахмад бүжигчид дээрх хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.

Холбоотой мэдээ