Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид Хөххот, Ордост ажлын айлчлал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-24 20:13:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/БНХАУ-ын ӨМӨЗО-той Сэлэнгэ аймаг найрсаг хамтын ажиллагаатай болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ удаа “Нэг зам-Нэг бүс” Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг ӨМӨЗО-ы Хөххот, Ордосоор энэ сарын 16-18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийгээд иржээ.

БНХАУ-ын ӨМӨЗО болон Сэлэнгэ аймаг хоорондын найрсаг хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, тус бүс нутгаас нэвтрүүлж болох шинэлэг санаа шийдлийг сум орон нутагтаа нутагшуулах зорилгоор дээрх бүрэлдэхүүн тус хотуудад ажлын айлчлал хийсэн аж. Б.Нарантуяа даргатай айлчлалын багийнхан ӨМӨЗО-ы Ордос, Хөххотын эрчимжүүлсэн МАА, хүлэмжийн аж ахуй, хот төлөвлөлт, сүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцжээ. Сэлэнгэ аймгийн зүгээс хоёр хоттой дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах санал тавьсан байна. Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ӨМӨЗО-ы Гадаад харилцааны газрын дарга Фү Юүн Чан биечлэн хүлээн авч уулзсан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ТЗУХ-ийн дарга Б.Болорзул болон сумдын Засаг даргын орлогчид багтжээ.  

Холбоотой мэдээ