Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-23 08:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин 11.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох юм.


Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаж, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлт, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр, Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл болон Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 15.00 цагт хуралдаж, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна  өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно.

Холбоотой мэдээ