Канадын парламентын сонгуульд Жастин Трюдогийн нам ялж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-22 11:17:32

ОТТАВА. /TASS/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн Либерал нам тус улсын парламентын сонгуульд ялж байгаа бөгөөд цөөнхийн Засгийн газар эмхлэн байгуулах боломжтой болж байна. Ийм урьдчилсан мэдээллийг Канадын Сонгуулийн хороо даваа гарагт нийтэлжээ.

 

Хамгийн сүүлийн мэдээллээр, Либерал намаас нэр дэвшигчид 338 тойргийн 144-т нь ялсан байна. Тэдний гол өрсөлдөгчид болох Консерватив намын нэр дэвшигчид 107 тойрогт ялжээ. Харин "Квебекийн эвсэл" 35 тойрогт ялсан бол тус эвслийн дараагаар Шинэ Ардчилсан нам /19/ болон “Ногоон нам” /1/ орж байна. Одоогийн байдлаар 306 тойргоос мэдээ иржээ.


Канадад парламентын Нийтийн танхимын суудлын тоогоор сонгуулийн нийтдээ 338 тойрогтой байна. Засгийн газрыг эмхлэн байгуулахын тулд дор хаяж 170 тойрогт ялах ёстой ажээ.

 


Холбоотой мэдээ