Өнөөдөр Японы Эзэн хааныг хаан сэнтийд заларсныг тунхаглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-22 07:31:54

ТОКИО. /Kyodo/. Япон улсын Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр буюу мягмар гарагт болно.


Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Эзэн хаан Нарүхито хаан сэнтийд заларч, Японд “Рэйва” хэмээх шинэ эрин эхэлсэн бөгөөд Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээгээ залгамжлуулсан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй юм.  


Мягмар гарагийн үдэд Нарүхитог хаан сэнтийд заларсныг зарлан тунхаглаж, Япон болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид түүнд баяр хүргэнэ. Нийслэл Токио хотноо зохион байгуулах ёслолын арга хэмжээнд 2000 орчим хүн оролцоно.


Энэхүү арга хэмжээний дараа ёслолын парадыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч “Хагибис” хар салхины улмаас уг үйл ажиллагааг 11 дүгээр сарын 10 хүртэл хойшлуулсан байна.


Мягмар гарагийн орой Эзэн хааныг хаан сэнтийд заларсныг тохиолдуулан хааны ордонд хүлээн авалт зохион байгуулна. 

Холбоотой мэдээ