ОСКАРТ НЭР ДЭВШСЭН “ХИЙМОРЬ”

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-10-21 16:05:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Хүн төрөлхтний олон зуун өв соёл, ёс заншлын өвөрмөц онцлогийг хадгалсан нүүдэлчин түмэнд адуун сүрэг байв. Тэд морин туурайгаар дэлхийг тамгалж, эзэнт гүрнийг байгуулсан агуу түүхтэй. Гэхдээ түүх бүтээгээд л болчихсон хэрэг биш. Нэг бээрээс нөгөөд зорчиход морь шиг түргэн унаа, хамгийн дотно хань нөхөр ээрэм талын монголчуудад байсангүй. Тиймдээ ч дэлхийд ганцхан эрийн гурван наадмаараа хурдан морь уралдуулж, хурсан олноо цэнгүүлж, цог золбоо, хийморь сүлдээ адуун сүргийнхээ хур дэлэн дээр явдагт итгэсээр ирсэн билээ. Хятад орон лууг шүтээн болгосон. Перс, Египетүүд мууртай бол Энэтхэгчүүд үхрийг шүтдэг улс. Монголчуудад чоно бий. Харин морь бол нүүдэлчдийн хувьд уналга, ачилага гээд ахуйн хэрэглээтэй илүү холбоотой ч гэсэн бэлгэдэл талаас мөн л нэг ёсны шүтээн гэж хэлж болно.


“Дэлхийн кино урлаг сэдвийн хомсдолд орсон. Тиймдээ ч, нэг бол хүний ой ухаанд багтамгүй хачин жигтэйг ургуулан бодох, нөгөө бол өнгөрсөн түүх рүүгээ явахаас өөр сонголтгүй шахам болж байна. Энэ “гацаа”-г гаргахад Монголын түүх соёл, монголчуудын амьдралын хэв маягийг дагасан сэдвүүд үүнийг баяжуулах боломжтой” хэмээн “Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Ано хэлсэн нь бий. Тиймдээ ч сүүлийн үед монголын кино урлагт эх орныхоо байгалийн сайхныг харуулсан, сцен бүртээ уламжлалт ёс заншлаа тод томруун дэлгэн үзүүлсэн бүтээлүүд ихээр мэндэлсэн. Жишээлбэл сүүлийн үед гарсан “Шүүдэр дундуур”, “Солиот эх”, “Зүрхний хилэн” “Говийн домог” кинонуудыг нэрлэж болно. Харин энэ онд тус бүтээлүүдийн нэрс “Хийморь” киногоор үргэлжилсэн нь тун олзуурхууштай.


Тус киног Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн жүжигчин, МУСТА, Г.Эрдэнэбилэг найруулан олны хүртээл болгожээ. Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр “Ажнай” корпораци ажиллаж, “Three Flames”, “Nomadia”, “Belgute” pictures хамтран бүтээсэн байна. Кино 2019 оны нэгдүгээр сард нээлтээ хийж, Монголын үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн юм. Өнөөгийн суурин иргэншилд идэвхитэй дасч буй иргэдийн хувьд түүхийн дэвтэрт хадгалагдаж үлдэх нь холгүй болсон ахуйн ёс заншил, холын замд хань нөхөр болсон эрдэнэт хүлгийн тухай кино таалагдах нь дамжиггүй юм.




Гэтэл “Хийморь” кино хилийн дээс алхаж Германы Олденбург кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртэж, “San Diego International Film Festival”-ийн “Шилдэг” киногоор шалгарсан юм. Тийм ч учраас Оскарын кино наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвших эрхийг авч чадсан. Мөн “Улаанбаатар 2019” олон улсын кино наадмын үеэр “Шилдэг кино зохиол” шагналыг хүртээд байна. Жинхэнэ кино урлагийн мастерууд “Холливууд бол мөрөөдөл биш” гэж ярьдаг. Үүн шиг Оскар бидний хувьд бас мөрөөдөл биш. Гэхдээ монгол кино Оскарт нэр дэвшихээр чанар чансаатай бүтээгдэж, гадны шүүгчдээс өндөр үнэлгээ авсан нь яах аргагүй “дэвшил” мөн билээ.


II.


Уг кинонд монголын уран бүтээлчдээс гадна. Украин, Киргиз, ОХУ, Казахстан, БНХАУ, Малайз зэрэг орнуудын мэргэжлийн уран бүтээлчид оролцон тогложээ. Үүгээрээ ч киноны цар хүрээ, онцлог нь улам нэмэгдсэн бөгөөд дэлхийн хэмжээний уран бүтээл болоход нөлөөлсөн гэдгийг кино багийнхан онцлон ярилаа.




Мөнхүү онцлох уран бүтээлчдийг дурдвал киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н Гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан улсын АЖ, Айдос Бектемир, Гавьяат жүжигчин Нурлан Алимжанов нарын жүжигчид тоглосон байна.

Ингээд уншигчдад киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэж байна.


Киноны ерөнхий найруулагч, МУСТА Г.Эрдэнэбилэг




“Хийморь” кино маань энэ оны эхний сард нээлтээ хийсэн. Өдгөө олон улсын кино наадмуудаас шагнал хүртэж, амжилттай яваад баяртай байна. Бид олон жил үргэлжлүүлэн зураг авч, олон хүний хүч хөдөлмөрөөр киногоо бүтээсэн. Одоогоор Оскарт “Шилдэг гадаад хэл дээрх” кино төрөлд нэр дэвшээд байгаа. Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглал мөр болгондоо уран сайхан дүрслэлүүдийг агуулсан байдаг. Тиймдээ ч зориглон барьж авч, кино болгоно гэдэг их амаргүй байсан. Гэвч кино баг хамт олныхоо хүчээр зорилгодоо хүрсэн. Өнөөдөр монголчууд дунд ч уламжлалт ёс заншлаа мэдэхгүй олон залуус бий. Бид морио магтан дуулах, хайрлах үзлийг ирээдүйдээ түгээх, ёс заншлаа бусдад таниулах гээд олон давхар санааг кинондоо илэрхийлсэн байгаа. Үзэгчид ч тун сэтгэл өндөр хүлээж авсанд баяртай байна. Мэдээж Оскар найруулагч болгоны мөрөөдөл болсон том шагнал. Гэхдээ бидэнд найдвар бий болж байна. Цаашид олон монгол кино Оскарт нэр дэвших эрхийг өвөртлөх болов уу. Энэ шагналыг ч мөн авах байх гэж боддог. Учир нь манай залуус үнэхээр уран бүтээлч, мундаг ажиллаж чадаж байгааг хараад сэтгэл дүүрэн байдаг.


“Хийморь” киноны гол дүрийн жүжигчин Э.Ариунболд




"Би киноны гол дүрийг бүтээхийн тулд морьтойгоо хамт 4 сар болсон. Үүний дараагаар зураг авалтандаа  орсон. Кино хийхэд маш их хугацаа, олон хүний хөдөлмөр ордог гэдгийг мэдсэн. Тиймээс ч найруулагчийнхаа болон кино багийнхны итгэлийг алдахгүйн тулд мэрийсэн. Хүмүүс маш мундаг байна, морь та хоёр мэргэжлийн жүжигчид шиг байсан гэж сэтгэгдлээ илэрхийлэхэд нь их баярласан. Мориндоо их дассан болохоор зураг авалтын дууссаны дараа хүрэн морио үгүйлж байлаа. Харин киноны нээлтийн үеэр найруулагч Г.Эрдэнэбилэг ах хүрэн морийг надад бэлэглэхэд нь хязгааргүй их баярласан. Морь бид хоёр одоо хамт байгаа".


“Хийморь” киноны залуу жүжигчид өөрсдийн байнга бүтээдэг нэг хэвийн дүрүүдийг эвдэж чадсан нь киноноос анзаарагдсан. Жишээ нь МУСТА Э.Тодгэрэл муу санаатай бадарчингийн дүрийг бүтээсэн нь өмнөх тоглосон дүрүүдээсээ эрс ялгаатай байв. Нөгөөтэйгүүр хамгийн балчир жүжигчин болох Э.Ариунболд хүү, хүрэн морь хоёрын хоршлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Ер нь амьтдыг кинонд тоглуулах хамгаас хэцүү. Гэхдээ Г.Эрдэнэбилэг найруулагчийн зорилт одоогийн хэмжээнд лав биелчихээд байна. Учир нь тэр киногоо бүтээж чадсан, хөдөлмөрийнх нь үр дүнд гадаадын томоохон кино наадмуудын шилдэгээр “Хийморь” тодроод байна. Монгол орны үнэт зүйл, хүн байгаль, амьтдын уялдаа холбооны нарийн асуудлыг хөндсөн шинж чанар, зохиолын үйл явдлын асар өргөн цар хүрээ, зураг авалтын сүрлэг байдлаараа энэ бүтээл онцгой.


III.




Одоо харин зарим нэг шүүмжлэлт санааг хэлье. Урлаг хүнд сайхан сэтгэгдэл омогшил төрүүлэхээс илүүтэй асуулт үлдээхийг чухалчилдаг. "Хийморь" сайхан сэтгэгдэл төрүүлсэн сайхан л бүтээл. Гэхдээ харьцуулах аргагүй өөр утга санаатай кинонууд гэлээ ч үүний хажууд найруулагч Л.Таванбаярын "Шүүдэр дундуур" бол амьд.


Уламжлалт ёс заншлын хэд хэдэн сайхан зураглал энэ кинонд байсан ч алдаа ихтэй. Жишээ нь "Тод магнай" киноны үйл явдал нь хэчнээн түргэн байлаа ч холбоосууд нь яаж гоё оносон байдаг билээ. Дүрүүдийн эргэх холбоос, үйл явдлын шилжилтүүд нь хиймэл бус тул кино өөрийн гэсэн зөөлөн хөдөлгөөнтэй байдаг. Гэтэл "Хийморь" тачигнаад л дуусчихдаг. Камер тасраад л өөр газар, шилжилтүүд нь залгаас байгаагүй.


Харин шаварт унасан морийг адуу хажуугаар нь тойруулан гуугалахад, адуун сүрэг өөд тэмүүлэхдээ шаварнаас үсрэн гарах, бөө өвгөн хоньчин хүүгийн вансэмбэрүү тасдан авсныг мэдээд "Тэнгэрийн цэцэг хөндөж дээ, балчир амьтан юу мэдэхэв" хэмээн өөртөө нууцлан үлдээж, буруу үйлийг нь хариулж буй хэсэг, унаганы зуултны тухай өвгөний яриа зэрэг хэдэн гоё наалдацтай, киног чимсэн сценүүд гарсан.


Гэвч тэр олон алдааны тухай энэ удаад нэг дуугүй өнгөрчихье, ямартай ч Оскар өөрөө “Хийморь” биш л дээ.

Холбоотой мэдээ