"Сэгс цагаан богд" найраглалд зориулан гэрэлт хөшөө босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-21 16:32:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Шинэжинст сум сурталчлах аяны хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн "Сэгс цагаан богд" найраглалын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн үеэр тус найраглалд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээж, "Сэгс цагаан богд найраглалыг хэн сайн унших вэ" уран уншлагын уралдаан, яруу найргийн наадмыг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд "Болор цом"-ын эзэн яруу найрагч Дамбын Төрбат, Монголын Зохиолчдын эвлэлийн тэргүүлэгч, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга, "Дэндэвийн Пүрэвдорж сан"-гийн тэргүүн хатагтай н.Нямцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан, их найрагчийн охин П.Халиунаа болон яруу найрагч, уран бүтээлчид, нутгийн зон оролцсон байна.

Уран уншлагын хүүхдийн уралдааны бага насны ангилалд 10 настай Э.Шүрэнчимэг түрүүлж, 10 настай Ө.Бадмаараг, таван настай Б.Эрхэмбаяр нар удаалсан бол дунд насны ангилалд 13 настай А.Баясгалан бусдыгаа хошуучилж, 15 настай О.Баасанбат, 15 настай М.Өсөхжаргал, 16 настай М.Нарандэлгэрмаа, 14 настай С.Чинболд нар удаалсан байна. Уран уншлагын насанд хүрэгчдийн ангилалд Ц.Бямбадорж тэргүүлж, Б.Пүрэвсүрэн, А.Дэнсмаа, Б.Мөнхтогтох, Х.Тунгалаг нар удаах байруудад шалгарчээ.



Холбоотой мэдээ