Иргэдийн хуримтлал 2 их наядаар өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-21 11:05:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн хуримтлалын хадгаламж энэ онд 2 их наяд төгрөг буюу 18 хувиар өсөж, 13.8 их наядад хүрээд байна. Энэ тухай Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр эхэлж буй “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтсан аяны нээлтийн үеэр мэдээллээ.

Энэ сарын 31-нд тохиох “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтсан аяныг Монголбанк санаачлан энэ удаа “Хариуцлагатай харилцагч-хариуцлагатай банк” нэртэйгээр арилжааны бүх банкийг оролцуулан “Хэмнэе, хуримтлуулъя” уриан дор тэмдэглэх гэж байна.


Банкууд харилцагч нартаа хандсан үйл ажиллагаанаас гадна хүүхэд залуучуудыг оролцуулсан, тэдний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийг санхүүгээ төлөвлөн удирдах, зөв дадалд сургахад чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг явуулах талаар мэдээллээ. Хуримтлалын аян нь Монголбанкнаас 2016 оноос хэрэгжүүлж байгаа “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн нэг хэсэг юм.

Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгоход санхүүгийн суурь мэдлэг чухал хэрэгтэй. Иймд иргэдтэй харилцах банкны ажилтныг нэн түрүүнд чадавхжуулан иргэд, үйлчлүүлэгч нарт үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх ур чадварт суралцуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх юм. Энэ талын хөтөлбөрийг ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, Монголын Банкны холбоотой хамтран хэрэгжүүлж буй”-г дуулгалаа. Иргэдийн хуримтлалын аян нийслэлээс хальж, Дархан-Уул аймагт явагдаж байна.


Дэлхий нийтэд хуримтлалыг “Мөнгөний гахай”-гаар илэрхийлдэг бол Монголд үүнийг тэмээний зургаар дүрсэлж байна.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтсан аяны нээлтэд хадгаламжийн даатгалын байгууллага, БСШУЯ, арилжааны банкуудын төлөөлөл оролцов.

Б.Болд

Холбоотой мэдээ