Цоохор ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэлээ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-21 09:37:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан, Монголын Скаутын Холбоо хамтран "Цоохор ирвэс хамгаалах өдөр"-ийг Хүннү молл төвд өчигдөр тэмдэглэлээ. Өдөрлөгийн үеэр дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн талаарх мэдээлэл түүний байгаль, экологийн ач холбогдлыг сонирхолтой байдлаар хүүхдүүдэд хүргэжээ.


Харин өнөөдөр Говь-Алтай аймгийн төвд “Цоохор ирвэс хамгаах өдөр”-ийг тэмдэглэх юм. Энэ хүрээнд “Цоохор найз“ номоор дамжуулан ирвэсэнд учирч буй аюулын талаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад захидал хүргэж, ирвэс хүн хоёрын учирсан түүхийг олонд сурталчлан таниулахыг зорьж байгаа аж.  Өдөрлөгт Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Өмнөговь аймаг болон ОХУ-аас хүүхдүүд оролцох аж. 


Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм. Манай улсад дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь буюу 1000 орчим цоохор ирвэс байдаг аж. Тэдгээрийн дийлэнх нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг бөгөөд Монголын "Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан юм. 


Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид “Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг 2013 онд баталж, жил бүрийн аравдугаар сарын 23-ыг Цоохор ирвэс хамгаалах өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор цоохор ирвэсийг экологийн ач холбогдлыг нь олон нийтэд таниулж хамгаалахыг уриалах зорилгоор энэхүү өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байна.




Холбоотой мэдээ