Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууц барихад НӨАТ-аас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-18 17:30:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төсөлд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад шаардагдах бараа, материалыг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ.


Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөв дүгээр сарын 3-ны 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. Дорноговь аймгийн Сайншанд суманд барих 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах юм. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг НӨАТ-аас чөлөөлөх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд боловсруулсан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, тодруулсан. Инйхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 


Ташрамд дурдахад, чуулганаар, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн юм. (Энэ талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны тухайн жилийнх нь импортын татварыг хөнгөлж, дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан буцаан олгохоор зохицуулсан байна. 

Холбоотой мэдээ