“Мерит зарчимд суурилсан манлайлал” зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-17 16:20:04

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын 2019 оны А/540 дүгээр захирамжаар “Мерит зарчимд суурилсан манлайлал” зөвлөгөөнийг аймгийн “Монгол туургатан” театрт зохион байгуулж байна.  

Тус зөвлөгөөн нь “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, энэхүү хуулийн үзэл санаа, шинэтгэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой ажээ. 

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат тэргүүтэй аймгийн удирдлагууд, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Зүмбэрэллхам тэргүүтэй ТАЗ-ийн төлөөлөл, ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, “Мерит” төслийн төлөөлөгчид болон Төв аймгийн 500 орчим төрийн албан хаагч оролцож байна.

“Мерит зарчимд суурилсан манлайлал” зөвлөгөөнд оролцогчид Төрийн албан хаагчийн тангараг өргөж, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат зөвлөгөөнийг нээв. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Зүмбэрэллхам “Төрийн албаны шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал”-ын талаар мэдээлэл хийлээ.

Төрийн албаны зөвлөлийн сургалт сурталчилгаа мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюуннасан, Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Г.Нансалмаа, Төрийн албан зөвлөлийн дотоод асуудал зохион байгуулалтын ажилтан Б.Гончигсумлаа нар тус зөвлөгөөний сургалт, мэдээллийг удирдан явуулах ажээ.

Төв аймагт 218 төрийн байгууллагад 5588 албан хаагч ажилладаг гэсэн дүн мэдээ байна.  Үүнээс удирдах албан тушаалтан 497 буюу 8.89 хувь, гүйцэтгэх албан тушаалтан 3299 буюу 59.03 хувь, туслах албан тушаалтан 1439 буюу 27.9 хувийг эзэлж байгаа аж. Нийт төрийн албан хаагчдын 3.1 хувь нь улс төр, 11.1 хувь нь төрийн захиргаа, 7.4 хувь нь төрийн тусгай, 78.4 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарч байгаа аж.

Холбоотой мэдээ